Пёнчаны олимпийн аварга 17 настай Алина Загитова Гранпригийн цуврал тэмцээнд оролцохдоо II байрнаас гараагаа эхлэв. Тамирчин бүсгүй урьдын адил уран гоё хөдөлгөөнөөрөө үзэгчдийн сэтгэлийг татсан хэвээр. Спортын адреналин түүний хувьд ямар хэрэгтэй, шүхэртэй үсрэлт хийх хүсэл, Этери Тутберизегийн удирддаг багийн өөрөөс нь бага залуу өрсөлдөгч охидтой хэрхэн харилцдаг, дөрвөн эргэлттэй үсрэлт хийх хувийн бодол зэргийн талаар Загитова ТАСС-ын сурвалжлагчтай ярилцах үеэр өгүүлжээ.
-Алина, цувралын эхний үе таны хувьд мөнгөн медалиар дууслаа. Үзүүлбэрийн дараа эхлээд юун тухай яриа өрнөсөн бол, шүүгчид хэтэрхий хатуу байсан тухай юу. Чөлөөт үзүүлбэрийн төгсгөлд цаг болоогүй байхад гараа буулгасны төлөө шүүгчид таны оноог буулгасан. Шүүгчид ингэж хатуу хандана гэж бодож байсан уу?
-Шүүгчдийн хувьд хатуу байсан нь үнэн. Миний санал нийлэхгүй хэсгүүд ч бас байсан. Гэхдээ ерөнхийдөө бүх зүйл ном ёсоороо л болсон. Энэ бол шүүгчид, тэдний үзэл бодол. Бүх юм өөрчлөгдөж байна. Уран гулгалтын дүрэм ч мөн адил. Энэ бол амьдарч сурах ёстой тийм л нөхцөл байдал. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй.
-Гранпри тэмцээн тамирчдын хувьд хэр чухал талаар мэргэжилтнүүдийн санаа бодол зөрдөг. Зарим нь энэ тэмцээнийг бэлтгэл сургуулилтаас нэг их илүү гарахгүй гэж үздэг. Нөгөө нь Гранпри, Европын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн тоглолтын алийг нь тэргүүнд авч үзэх вэ гэдгээ тамирчин өөрөө зөв хуваарилах ёстой гэдэг. Таны хувьд шувтаргын тэмцээнд шалгарах нь хэр чухал вэ?
-Тэр тухай би боддоггүй. Өнгөрсөн жил харин цувралын эхний үед, дараа нь хоёрдугаар үед, тэгээд Оросын аварга шалгаруулах тэмцээн, дараа нь бас Европын аварга шалгаруулах тэмцээнд яавал түрүүлэх тухай бодож, өөртөө “алив, дахиад, ялаад бай” гэдэг л зорилготой байсан. Тэгээд Сайтамад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зүгээр л гулгах гэж гарсан. Тэр үед ёстой бүх юм санасан ёсоор болсон шүү. Би одоо ч тийм л санаа бодолтой байгаа.
-Гренобльд болсон Гранпри тэмцээний богино болон чөлөөт үзүүлбэрийн дараа та гулгалтаасаа жинхэнэ ёсоор сэтгэл ханамж авч байна гэж ярьсан. Гэхдээ маш ширүүн өрсөлдөж байгаа нөхцлийг харгалзаж үзэх аваас үүнд чинь итгэхэд нэг л бэрх санагдаж байна?
-Энэ бол адреналин. Би нэр алдартай олон тамирчинтай ярилцаж үзсэн. Тэдний ихэнх нь ийм зүйл дутагддаг гэж ярьж байсан. Нэгэн цагт спортын бэлэглэсэн адреналин тэдэнд бүгдэд нь хэрэгтэй. Чухам ийм шалтгаанаар карьерынхаа оргилд хүрсний дараа тэд шүхэртэй үсрэлт ч юм уу эсвэл олстой үсрэлт гэх мэт ямар нэг ховор зүйл хийх гэж зориуд тусгайлан эрж хайцгаадаг. Тийм болохоор би одоо зүгээр л энэ мөчөөрөө сэтгэлийн жаргал эдэлдэг, энэ бол үнэхээр сэтгэл ханамж мөн. Би заримдаа өмнөх гулгалтуудаа дахин үзэж, ямар гоё вэ гэж дуу алддаг юм. Тэр бүгдийг дахин хийх гэж бодсондоо биш, гэхдээ энэ цаг мөчид надад төрж байгаа бүхнийг үнэхээр их үнэлдэг юм.
-Та одоогоор хараахан шүхэртэй үсрэлт хийгээгүй гээд бодчихъё. Гэхдээ таныг ихэд анхаарч байдгийн хувьд бид урьдчилаад энэ тухай мэдэж болно биз?
-Одоохондоо тийм бодол алга, гэхдээ чин үнэнийг хэлэхэд би маш их хүсч байна. Үсэрч ч магадгүй юм. Хятадад, хаа нэгтээ дэлхийн хамгийн өндөр үсрэх байгууламж байдаг гэсэн.
-Хэрэв та үсэрвэл өдрийн гайхалтай шинэ мэдээ болно доо?
– Би гарчиг нь хүртэл ямар сүртэй байхыг төсөөлж байна (инээв). Хийснийхээ дараа л хийлээ гэж яръя. Тиймээс яг одоо яв цав тэгнэ гэж хэлэхгүй. Үүний тулд эхлээд бие, сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй. Их биш юм гэхэд дор хаяж гурван кг хасах хэрэгтэй. Гэмтэж бэртэх эрсдэлийг дээд зэргээр багасгах хэрэгтэй.
-Этери Тутберизегийн багийн охидтой та хэрхэн харилцдаг вэ. Яг үнэндээ тэд л өнөөдөр тантай ид өрсөлдөж байгаа биз дээ?
-Өрсөлдөөний тухайд гэвэл би зүгээр л гулгах гэж гардаг. Надад хэн нэгэнтэй тэмцэлдэх зорилго байхгүй гэж өмнө нь нэгэнт хэлсэн. Тийм ээ, шагналын тавцанд зогсохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ зүгээр л гулгах нь миний хувьд илүү чухал. Охидын хувьд гэвэл тэд одоохондоо хүүхэд зангаараа хандаж байгаа, би ч тэднийг ямар нэг байдлаар ойлгож байгаа. Саяхан болтол би өөрөө тэдэн шиг л байсан шүү дээ. Одоо л харин аливаа юмыг тунгааж эргэцүүлж боддог болоод байгаа. Бид өөр хоорондоо өдөр бүр, янз бүрийн сэдвээр, заримдаа бүр үнэхээр галзуу юм уу гэмээр сэдвээр харилцдаг (инээв).
-Гренобльд таныг гулгаж дууссаны дараа танай бүжгийн дасгалжуулагч багш Данил Глейхенгауз хөдөлгөөн нэг бүр нь үзэгчдэд баяр баясгалан төрүүлэхүйцээр тийм өндөр түвшинд хүрсэн гэж ярьсан. Та үнийг мэдэрдэг үү. Бүжигчин хүний хувьд үзэгчтэй холбогдож байгаагаа хэр мэдэрдэг вэ?
-Хамгийн гол нь энэ бүхэн өөрт чинь таалагдах явдал гэж бодож байна. Үүнийг хэрвээ чи өөрөө мэдэрч байгаа бол үзэгчдэд хүрэх өнөөх эрчим хүч бий болно. Өнгөрсөн улиралд надад олон удаа тохиолддог байсан шиг зөвхөн яаж ийгээд тэвчих л асуудал байвал хүмүүст ямар ч баяр баясгалан, гоо сайхны сэтгэл ханамж авчрахгүй шүү дээ. Би хүмүүст баяр баясгалан бэлэглэж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин