40 жилийн тэртээ: Ираны хувьсгал, Америкийн дипломатчдыг барьцаалсан хэрэг
Сүүлийн саруудад АНУ-Ираны зөрчил илт хурцдаж, Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Эл зөрчил олон жилийн өмнөөс улбаатай гэдгийг 40 жилийн тэртээ болсон нэгэн үйл явдал гэрчилнэ.
Иранд Исламын хувьсгал ялсны дараахан буюу 1979 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр олон зуун иран оюутнууд Тегеран хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр руу дайран орж, тэнд байсан Америкийн 90 иргэнийг барьцаанд авсан хэрэг гарснаас хойш яг 40 жил өнгөрч байна. Америкийн дипломатуудыг барьцаалсан хэрэг хоёр орны харилцаанд гүнзгий хямрал үүсгэсэн бөгөөд барьцаалагдсан хүмүүсээс 52 нь 444 хоногийн дараа суллагдсан юм. ВВС агентлаг 40 жилийн тэртээ болсон үйл явдлыг цаг хугацааны дарааллаар тоймлосныг орчуулан хүргэе.
1 дүгээр сарын 1- Шах зугатсан нь
Сөрөг хүчний зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаа, ажил хаялтууд ид өрнөж байсан үед буюу 1979 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Ираны шах Мохаммед Реза Пехлеви гэргийн хамт эхлээд Египет рүү явж, дараа нь Нью-Йорк хотод эмчлүүлэхээр иржээ. 1941 оноос хойш Ираныг удирдсан Пехлеви улс орондоо дахин буцаж ирээгүй юм.
2 дугаар сарын 1- Исламын хувьсгалын ялалт
Шахын дэглэмийг олон жилийн турш эсэргүүцэн тэмцэж буй аятолла Хомейни Парист 14 жилийн турш цөлөгдөн амьдарсны эцэст Иранд эргэж ирлээ. Түүний талынхан Өрнө, Дорнын аль алинаас нь үл хамаарах бие даасан тусгаар байдлыг хүсч байв. Ард түмний эв нэгдлийн засгийн газар байгуулах гэсэн парламентын саналыг аятолла Хомейни хүлээж авсангүй.
2 дугаар сарын 25 - АНУ-ын ЭСЯ руу дайрсан нь
Зүүний радикал үзэлт “Фидаины партизанууд” гэдэг байгууллагын зэвсэглэсэн гишүүд Тахте-Жамшид өргөн чөлөөнд орших Америкийн ЭСЯ-ны байр руу дайрч, түүнийг хэсэг хугацаанд эзлэн авчээ. Мехди Базарганы тэргүүлсэн Түр засгийн газар тодорхой арга хэмжээ авсны дүнд зэвсэгт этгээдүүд ЭСЯ-ны байрнаас гарч явлаа.
Энэ хэрэг явдлын дараа Түр засгийн газрын Гадаад хэргийн сайд Ибрагим Язди Америкийн ЭСЯ-нд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөв.
6 дугаар сарын 1 - Шах Пехлеви Мексик рүү явсан нь
Египет улсад түр хугацаанд байсан шах Реза Пехлеви эхлээд Багамын арлууд руу, дараа нь Марокко улс руу хөдөллөө. Үүний дараа тэрбээр эмчилгээ хийлгэхээр Мексикт ирсэн байна. Их Британийн засгийн газар түүнд улс төрийн орогнол олгохоос татгалзжээ.
10 дугаар сарын 6- Шах АНУ-д ирэв
Гадаадад байх хугацаанд шахын эрүүл мэнд эрс доройтжээ. Зарим албан тушаалтнууд эсэргүүцсээр байсан боловч АНУ-ын эрх баригчид шахыг Мексикээр дамжин Нью-Йоркт ирэхийг зөвшөөрөв. Шах хавдар судлалын төвд эмчлүүлэхээр болжээ.
Дипломат ажилтан Брюс Линген болон Төрийн Департамент дахь Ираны хэлтсийн ажилтан Хенри Персетт нар шахын АНУ-д хийх айлчлалыг хойшлуулахыг эрх баригчдад зөвлөсөн байна. Пехлевийг хүлээн авах нь Иран-Америкийн харилцааг хэвийн болгох үйл явцад саад учруулж, Ираны хэт даврагч үзэлтнүүд ард иргэдийг Түр засгийн газрын эсрэг турхирахад хүргэнэ гэж тэд үзэж байлаа. Радикал үзэлтнүүдийн дайралтад Тегеран дахь АНУ-ын ЭСЯ өртөж, яамны ажилтнуудыг барьцаанд авч болзошгүй хэмээн Линген болгоомжлуулж байв.
11 дүгээр сарын 1 – Шахыг Иранд шилжүүлэн өгөхийг шаардав
Тегеран хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны өмнө олон мянган хүн цугларч, АНУ шахыг хүлээн авсан явдалд дургүйцэж буйгаа илэрхийлж, түүнийг Ираны талд шилжүүлэн өгөхийг шаардаж байлаа. Шахыг хүлээн авахгүй байхыг АНУ-д ятган ойлгуулахын тулд Түр засгийн газар ба түүний Гадаад хэргийн сайд хангалттай ажиллаж чадаагүй гэж Ираны зүүний хүчнийхэн шүүмжилсээр.
11 дүгээр сарын эхэн үе – Оюутнууд ууланд нууцаар уулзсан нь
Шах Реза Пехлеви АНУ-д очсоны дараахан Тегеранаас холгүй орших ууланд улс төрийн идэвхтэн болох 5 оюутан нууцаар уулзжээ. Шийдвэртэй ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд тэд хүрсэн байна. Эдгээр 5 оюутан ЭСЯ руу дайрсан хүмүүсийн эхний эгнээнд явж байсан юм.
“Ууланд болсон уулзалтад оролцсон бүх хүн “ямар нэгэн зүйлийг хийх нь зүйтэй” гэж шийдсэн. Тухайн үед улс орны нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байлаа. Биднийг бүх дэлхий сонсоосой гэж хүсч байсан. Америкчууд худал хуурмагийг дэлхий даяар цацсан гэдгийг шахын асуудлаар дамжуулан харуулахыг бид хүссэн” гэж уулзалтанд оролцсон хүмүүсийн нэг нь хожим дурсан ярьжээ.
11 дүгээр сарын 4 – Хомейни таг дуугүй байсаар
ЭСЯ-ны байрыг дайран эзлэх ажиллагааг төлөвлөх хэд хэдэн зөвлөгөөнд Хомейни-д ойр байдаг санваартан Мохаммед Мусави Хоэни оролцсон байна. Уг ажиллагаа нь оюутнуудын эсэргүүцлийн акци байх нь зохимжтой гэж Хоэни тухайн үед хэлж байжээ.
баруун гар талд Мохаммед Мусави Хоэни
ЭСЯ руу дайрах нь ард олны хүсэл зоригийн илрэл байсан гэж харагдуулахын тулд аятолла Хомейнид дайралтын төлөвлөгөөний талаар дуулгаагүй аж.
11 дүгээр сарын 4- Бзежинский Түр засгийн газрын гишүүдтэй уулзав
Түр засгийн газрын Ерөнхий сайд Мехди Базарган, Гадаад хэргийн сайд Ибрагим Язди, Батлан хамгаалахын сайд Мустафа Чамран нар Алжирын хувьсгалын ойн баяр ёслолд оролцохоор Алжир руу явжээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картерын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Збигнев Бзежинскийтэй уулзах хүсэлт тавьсан байна. Уулзалт бүтэн цаг хагас үргэлжилжээ.
Уулзалт болсон тухай мэдээ Ираны хувьсгалчид, ялангуяа оюутнуудын уур хилэнг хөдөлгөж, тэд эсэргүүцлээ илэрхийлж эхлэв. Ерөнхий сайд Базарган эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоож, тарж явахыг оюутнуудад уриаллаа.
“Эрх баригчдын явуулж буй бодлого хувьсгалын үйл хэрэгт нийцэхгүй байна” гэж оюутнууд үзсэн байна. ЭСЯ руу дайрах төлөвлөгөөний талаар түр засгийн газар мэдээгүй байгаа бололтой.
Оюутны байгууллагад Шинжлэх ухаан-технологийн их сургуулийг төлөөлж байсан Махмуд Ахмадинежад АНУ-ын ЭСЯ руу дайран эзлэхийн эсрэг саналтай байсан ба “эхлээд бид ЗХУ-ын ЭСЯ-г дайран эзлэх нь зүйтэй” гэж байжээ.
11 дүгээр сарын 4-нд шилжих шөнө. Дайралтад бэлтгэсэн нь
ЭСЯ руу хийх дайралтыг зохион байгуулах үүрэг хүлээсэн оюутны байгууллагуудын зохицуулагчид их сургуулиудын оюутнуудыг 5-ны өдрийн өглөөний 6 цагт ЭСЯ-ны орчим цугларахыг уриалав.
Тэр үед оюутан байсан зарим хүмүүсийн дурсан ярьснаар, ЭСЯ-ны байрыг автобуснуудаас хянаж байсан ба яамны цогцолборын дотоод бүтэц, нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор идэвхтэн оюутнууд ЭСЯ-ны байрны өмнө удаан хугацаагаар зогсож байв.
11 дүгээр сарын 4 - ЭСЯ руу дайрсан нь
Оюутнуудын жагсаал болж байсан 4-ний өдрийн өглөөний 9 цагийн үед олон мянган оюутнууд Талегани гудамжинд орших АНУ-ын ЭСЯ-ны байр руу дөхөж ирэх үед хэдэн зуун хүн олны дундаас гэнэт тасран дайралт хийлээ.
ЭСЯ-ны хамгаалагчид нулимс асгаруулах хий хэрэглэсэн боловч халдан довтлогчид хаалгыг нээн дотогш дайран оров. Дайрагчдын дотроос олон хүн гартаа аятолла Хомейнигийн гэрэл зургийг барьсан байлаа. Хэргийн газарт цагдаа нар ирсэн боловч яаж ч чадсангүй. Оюутнууд ЭСЯ-ны байрны цогцолборыг 2 цагийн дотор дайран эзлэв.
Оюутнууд Нью-Йоркт эмчлүүлж буй шах Пехлевийг шилжүүлэн өгөх шаардлага тавилаа. Тэд Америкийн дипломатчид болон тэнгисийн явган цэргийн албан хаагчид, офицерууд нийлсэн 90 хүнийг барьцаанд авав. Тэднээс 52 нь барьцаанд 444 хоногийг өнгөрүүлсний эцэст суллагдсан юм.
11 дүгээр сарын 4- АНУ “хувьсгалчдын” шаардлагыг хүлээн авахаас татгалзав
ЭСЯ-ыг эзэлсэн оюутнуудын тавьсан шахыг шилжүүлэн өгөх шаардлагыг АНУ-ын эрх баригчид хүлээн авахаас татгалзав. Цагаан ордны төлөөлөгч Жуди Пауэлл хэлэхдээ, АНУ хүмүүнлэгийн зарчмыг баримталдаг болохыг дурдаад “бие биенээ харилцан хүндэтгэсний үндсэн дээр харилцан ашигтай найрамдалт харилцаа тогтоохыг АНУ эрмэлзэж байна” гэдгийг мэдэгдлээ.
Хоёр дахь хувьсгал
ЭСЯ-ны байрыг эзэлсэн явдлыг аятолла Хомейни дэмжлээ. “Өнөөдөр Иран улсад хувьсгал гарлаа. Энэ хувьсгал бол эхний хувьсгалаас илүү том юм. Энэ бол Америкийн том шулмын эсрэг хувьсгал мөн” гэж тэрбээр хэлсэн байна.
Аятолла Хомейнигийн хүү Ахмад Хомейни эцгийнхээ нэрийн өмнөөс ЭСЯ-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Ираны ард түмэн нийтээрээ оюутнуудын үйл ажиллагааг дэмжиж байна” гэв. Оюутнуудыг ард түмэн дэмжиж байгаа, харин засгийн газар ард түмнийхээ хүсэл зорилгыг илэрхийлэх ёстой гэж Ахмад Хомейни мэдэгджээ.
Түр засгийн газар огцорсон нь
Хэвлэлийн хурал дууссанаас хойш хэдхэн цагийн дараа Мехди Базарган түр засгийн газар огцорч байгааг мэдэгдлээ. Засгийн газар огцорсон нь ЭСЯ-ны байрыг эзэлсэн явдалтай холбоогүй гэж тэрбээр мэдэгдсэн боловч түүний үгэнд итгэх хүн тун цөөн байв.
Дараагийн сонгууль хүртэлх хугацаанд Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус засгийн эрхийг барих болов.
11 дүгээр сарын 19-20 – Эмэгтэйчүүд ба хар арьстан иргэдийг сулласан нь
ЭСЯ-ны байрыг эзлэн авснаас хойших 16 ба 17 дахь хоногт аятолла Хомейнигийн шаардлагын дагуу эмэгтэйчүүд ба хар арьст иргэд болох 5 хүн суллагдав.
12 дугаар сарын 9 – Шах АНУ-аас явав
Техас муж улс дахь “Лакленд” цэргийн баазын эмнэлэгт эмчлүүлж байсан шах Реза Пехлеви АНУ-аас Панам руу явав. Гэвч тэрбээр удалгүй Панамыг орхин гарахаас аргагүйд хүрч, Египетэд буцаж ирэв. 8 дугаар сарын 9-ний өдөр Пехлеви лимфома буюу цусны лимфоцит эсийн мутациас үүсэлтэй хавдрын улмаас нас баржээ.
5 дугаар сарын 1- “Бүргэдийн сарвуу” тусгай ажиллагаа бүтэлгүйтэв
Америкчууд барьцаанд байгаа хүмүүсийг суллахын тулд “Бүргэдийн сарвуу” гэдэг нууц ажиллагаа явуулсан боловч бүтэлгүйтэв. Элсэн шуурганд өртсөн нэгэн нисдэг тэрэг шатахуун цэнэглэгч онгоцтой мөргөлдсөний улмаас гал гарч, 8 цэрэг амь үрэгджээ.
1 дүгээр сарын 4 - Барьцааны хүмүүсийг сулласан нь
1981 оны 1 дүгээр 19-нд АНУ, Иран хоёр Алжирын гэрээнд гарын үсэг зурснаар барьцааны хүмүүстэй холбоотой хямралт асуудал шийдэгдсэн байна.
Ираны банкны данснуудын гүйлгээг сэргээж, жилийн өмнө тогтоосон худалдааны хоригуудаа цуцлах шийдвэрийг АНУ гаргав.