Д.Тогтохсүрэн: Сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. Гэхдээ 2024 оноос хэрэгжүүлье
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн хийх талаар хэлэлцжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөж байгаа. АН-аас гурван санал тавьсан.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд сайд нараа томилох, чөлөөлөх асуудлыг өөрөө шийдэх санал. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн. Цаашид Засгийн газар бие дааж шийдвэр гаргаж ажиллахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах. Энэ саналыг мөн дэмжсэн. Гэхдээ үүнийг 2024 оноос хэрэгжүүлье гэж манай намын бүлэг үзсэн.
Гуравдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал. Уг саналаар бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй. Зөвшилцлийн ажлын хэсэг дээрээ энэ асуудлыг ярих нь зүйтэй гэж үзээд нээлттэй үлдээлээ. Шаардлагатай гэвэл бүлэг дахиж хуралдаж энэ асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.