Сүүлийн саруудад боловсролын салбарын олон хүмүүстэй уулзлаа. Сонирхолтой нь "Боловсрол гэж юу вэ?" гэсэн асуултанд бүгд өөр өөр хариулт өгч байв.
Эндээс ийм бодол төрлөө. Хэрэв боловсролын салбарын лидерүүд маань Боловсролыг өөр өөрөөр харж, тодорхойлж байгаа бол бид урагшаа алхах боломжгүй. Дэлхийд шилдэг боловсролын систем байгуулна гэж хоосон зүүд болно.
Үнэгийг зарим нь Хэрэм, үлдсэн нь Чоно гэж бодоод явбал юу болох билээ. Гэтэл Үнэг бол Үнэг л билээ. Тэр самар идэхгүй, бас хонь барихгүй.
Ямартай ч өөрийнхөөрөө Боловсролыг тодорхойлох гэж оролдоё гэж бодлоо. Хуудсыг дагагч эцэг эхчүүд та минь доор санал сэтгэгдлээ бичээрэй.
Юуны өмнө Боловсрол бол психологийн ухааны үүднээс Тархины процесс буюу биетэй, бодитой зүйл юм. Психологийн ухааны олон нээлт байна. Жишээ нь хоёр хэл сурсан хүний тархины бүтэц, нэг хэлтэй хүнийхээс өөр байна. Ахмад настай хүний тархины хөгжил залуу хүнийхээс өөр байна. Өөрөөр хэлбэл Боловсрол бол физикийн үзэгдэл байна шүү.
Удаагаар нь Боловсрол бол философийн ухааны гол сонирхлын төвд байдаг асуудал. Энэ үүднээс хүний тархинд орж ирж байгаа мэдээ, мэдээлэл. Түүнийг хүн өөрийн тархинд ой санамж болгох үйл явдал. Мөн цаашлаад тархи өөрөө мэдээ, мэдээлэлд боловсруулалт хийсээр шинээр мэдлэг гаргаж авах явдал юм. Энэ утгаараа Боловсрол бол мэдээ биш, мэдээлэл ч биш, харин мэдлэг юм гэж тодорхойлж болно. Ухаан нь энэ тодорхойлолтоор Пифагорын теором бол мэдлэг биш, харин мэдээлэл юм. Энэ мэдээллийг ой санамжиндаа хадгалаад, амьдралдаа хэзээ ч хэрэглэхгүй ч байж болно. Эсрэгээр энэ мэдээллийг ашиглаж Барилга, байшин барьж эхэлбэл энэ нь дараагийн шатанд очиж мэдлэг болж цогц ойлголтын нэгэн хэсэг, хэрэгслүүр болж болох юм.
Дан ганц мэдлэг боловсролыг тодорхойлж чадах уу.
Эргээд психологийн ухааны талаар авч үзье. Эрдэмтэд одоо хүнд далд ба ил ухамсар байдаг талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн гэж хэлж болно. Далд ухамсар бол бидний хэдэн сая жилийн шалгарлын явцад бий болсон анхдагч оюун ухаан юм. Бид 3-5 сая шахуу жил амьтан байгаад саяхан буюу ердөө 50 орчим мянган жилийн өмнөөс л хэл яриатай болж, 5-хан мянган жилийн өмнөөс хот сууринд сууж эхэлсэн шүү дээ. Тиймийн учир би хүн бол амьтан мөн гэсэн сонсоход хэцүү боловч, бодит үнэн асуудлыг тунгаагаач гэж та бүгдээс хүсч байна.
Энэ утгаар нь авч үзэхэд олон жилийн эцэст надад
Боловсрол гэж юу вэ?
БОЛОВСРОЛ гэдэг бол амьтнаас хүн болон боловсрох процесс мөн!!! гэсэн тодорхойлолт зурайн бууж байна.
Энэ тодорхойлолтын үүднээс өнөөгийн дэлхийн ертөнц, монгол улсад болж байгаа маш олон үйл явдал хялбархан тайлбарлагдана.
Жишээ нь, яагаад 50 хол давсан, олон сургууль соёл төгссөн (мэдээлэлтэй, мэдлэгтэй), олон жил ажилласан (туршлагатай) хүн улс орноос хулгай хийж, шившигтэй ёс суртахуунгүй үйлдлүүд гаргаж байна вэ. Энэ хүн Боловсролтой хүн мөн үү.
Яагаад мөнгөтэй баян цатгалан боловч өөрсөө дорой нэгнийг өрөвдөх хайрлах сэтгэлгүй, өнгө мөнгөнд дуртай байна вэ.
Яагаад нас 70 гарсан боловч үр хүүхдийнхээ төлөө огт санаа тавихгүй, тэдний ирээдүйг асуухгүй, тойргийнхоо УИХ-н гишүүнээс даалуу тоглох саравчхан нэхээд сууж байна вэ.
Тэгэхээр боловсролыг мэдээлэл, мэдлэг, туршлага төдийхнээр тодорхойлоход үнэхээр өрөөсгөл дутуу.
Араатан амьтны шунал, тачаал, хэрцгий байдлаасаа салаагүй мэдлэгтэй, мэдээлэлтэй, туршлагатай хүн байж болохыг харлаа.
Хүн нас ахих тусам улам боловсордог уу? Тийм бас үгүй. Хүн нас ахих тусам улам бүр хүн болж чадаж байгаа бол тэр боловсрол мөн. Хэрэв араатан төрхөөсөө салж чадахгүй байгаа бол тэр боловсорч байгаа явдал биш.
Ийм учир 70 настай, том дарга хийсэн, олон сургууль төгссөн араатан төрхөндөө байгаа хүнээс 27 настай илүү хүн хүн байх бүрэн боломжтой.
Тиймээ, БОЛОВСРОЛ гэдэг бол АМЬТНААС ХҮНД шилжих процесс мөн.
БОЛОВСРОЛЫН систем гэдэг бол хүмүүсийг хүн болгох үйл явцыг хурдасгах, хөнгөвчлөх, чиглүүлэх систем болохоос биш дүн тавьдаг, тоо заадаг, ялгаварлан гадуурхдаг систем биш. Тоо бол мэдээлэл. Дүн тавих бол аргачлал. Эдгээрийг зөв зохистой хэрэглэхэд л болно. Аргачлалаа шүтдэг, харин юу хийж буйгаа ойлгодоггүй системээс хүн төрөхгүй ээ.
Эцэг эхчүүдийн эцсийн зорилго бол гэр оронд чинь хүн шиг хүн өсөн торниж байгаа эсэхийг харж, чиглүүлж, дэмжиж, туслах явдал мөн.
Хүн бол хайрладаг, энэрдэг. Хүн бол талархдаг. Хүн бол ӨГӨГЧ болохоос АВАГЧ биш. Хүн бол бүтээгч, сүйтгэгч биш. Хүн бол багтаадаг болохоос атгаг биш. Хүн бол зорилго, мөрөөдөлтэй болохоос түүнийг хулгайлагч биш. Хүн бол тоо, компьютер, түүхийг өөрийн сайн сайхан үйлийн төлөө зэвсэг болгон ашиглагч болохоос бусдыг гутааж сүйрүүлэхэд зэвсэг болгон ашиглагч биш.
Ө.Ганзориг