Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин, “В” хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ баг багтаад байгаа билээ. Дэлхийн цомын тэмцээнд 2019 оны ДАШТ-ий эхний найман байрт орсон баг оролцох ёстой байсан ч Казахстан, Азербайжаны шигшээ оролцоогүй тул зургаан баг өрсөлдөхөөр болсон юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй дан залуу тамирчдаа сойхоор болжээ. Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана. Манай тамирчдаас Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ нараас бусад нь анх удаа Дэлхийн цомын тэмцээнд хүч үзнэ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг, Буяндалайн Чимгээ
53 кг: Нандинцэцэгийн Анударь
55 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан
76 кг: Ганбатын Ариунжаргал