Д.Цогтбаатар: Цэргийн хамтын ажиллагаа бол Орос, Монголын хамтын ажиллагааны чухал салбар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилогоог хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа, БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Дорж,Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболд нарыг тус тус зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал хүнд байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал зэрэг зэрэг гарч байгаа. Энэ нь яамдын уялдаа холбоонооос гадна гадаадад суугаа ЭСЯ-дын үйл ажиллагаа муу байгааг харуулж байна. Ялангуяа нэр дэвшигч Д.Даваад онцолж хэлмээр байна. ОХУ-д Элчин сайдаар ажиллана гэдэг амаргүй. Тэнд ажиллаж байгаа манай дипломат ажилтнууд хар тамхи, мансууруулах бодисын дамжуулагч, борлуулагч болсон гэдэг мэдээлэл байгаа. ОХУ Европын гол үүд хаалга болсон цэг. Энэ улсад байгаа манай Элчин сайд маш чухал үүрэгтэй ажиллах ёстой. ОХУ-д асуудал их бий шүү.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Монгол Улс саарал жагсаалтад орсон. Тэр хурал дээр манай улсыг дэмжсэн нэг ч улс байгаагүй. Гадаадад Элчин сайдуудыг Монгол Улсаа дэмжүүлэх гэж томилдог. ОХУ-д Элчин сайдаар томилуулна гэдэг асар том нэр хүндийн хэрэг. ГХЯ-нд эрэмбэ ёс алдагдаад байгаа юм биш үү. Нэр дэвшигч Д.Даваа энэ асуултад хариулна уу?
БНПУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Б.Дорж:
-Польшид 1000 орчим манай улсын иргэн амьдарч байгаа. Тэнд манай уламжлалт анагаах ухааны эмч нар ажилладаг. 150 орчим эмч нар ажиллаж байгаа. Энэ бол Европын ямар ч оронд байхгүй зүйл. Дэлхий даяар эм, эмчилгээг анхаарах болсон энэ үед манайд ач холбогдолтой зүйл. Польшид байгаа эмч нарыг төр, засгийн зүгээс анхаарах ёстой гэж боддог. Давхар харьяалалын тухай иргэд тавьдаг. Үүнийг төр, засаг судалж байгаа байх. 50 сая еврогийн асуудлыг хөндлөө. Олон жилийн өмнө энэ асуудлыг судалж, худалдааны харилцааг өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж санал тавьж байсан хүний нэг би. Бусад хөөцөлдөх ажил их байгаа. Үүнд идэвхтэй ажиллана.
ОХУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Д.Даваа:
-Хоёр талт болон олон улсын харилцааг нийтэд нь олон улсын харилцаа гэдэг. Олон улс нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн конвенци хуулиуд байдаг. Надад үлдэж байгаа хугацаанд судлах, суралцах зүйл нэлээдгүй байгаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-ОХУ-д зэрэг хэргэмтэй хүн Элчин сайдаар очих ёстой. Тэнд суралцах хүн очих хэрэггүй.
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Монгол Улсын дипломат үйл ажиллагаа зөвхөн ГХЯ-ны хүрээнд биш бусад салбарт хамаарна. Манай БХЯ энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гадаад харилцааг бэхжүүлж байгаа. Д.Даваа генералын хувьд өөрийнхөө салбарт Элчин сайдынхаа зиндаанд хүрсэн. Цэргийн хамтын ажиллагаа бол Орос, Монголын хамтын ажиллагааны чухал салбар. Энэ хүн монгол төрд хэнээс ч дутахгүй олон жил ажилласан. Энэ бол дипломат ажил.