ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамааралтай 11 зээлдэгч байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр УИХ-д зүүн чиглэлийн төмөр замыг дэмжих лобби бүлэг байгуулагдсаныг танилцууллаа. Тус лобби бүлэгт УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, О.Баасанхүү нар оржээ.
Мөн тэрбээр ЖДҮХС-аас зээлээр мөнгө угаасан хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй бол “саарал жагсаалт”-аас гарахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүд ирсэн албан бичигт ЖДҮХС-аас зээл авсан иргэн, аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамааралтай 11 зээлдэгч байна. Энэ дотроос найман үйлдэл нь мөнгө угаасан гэдгийг тогтоосон гэдгийг дурдсан аж. Тиймээс мөнгө угаасан үйлдлүүдийг зарлах шаардлагатайг тэрбээр хэллээ.