Бэлэн биш байдал
Хосууд хэн хэндээ буулт хийхийг хүсдэггүй. Алдаагаа хүлээж уучлалт гуйснаар хэн нэгэндээ “базуулсан” мэтээр боддог. Бид ер нь ямар ч нөхцөлд хүлээхийг хүсдэггүй, бүгдийг нэг дор хийхийг эрмэлздэг. Төрж буй мэдрэмжээ дагалгүй цаг хугацаанд хайрцаглагдсаар байгаа нь биднийг харилцаанд бэлэн биш байгааг баталж байна.
Өөр мэдрэмжтэй андуурах
Биднийг ойлгож, гунигт мөчүүдэд түшиж тулах хэн нэгнээс илүү хамт кино үзэж, шөнийн клуб орох хүнтэй уулзахыг хүсдэг. Учир нь залуус уйтгартай амьдрахыг хүсдэггүй. Тэд амьдралаа илүү адал явдалтай болгох хөгжилтэй хамтрагч хайх нь бий.
Өдөр тутмын амьдралдаа хэт автах
Бид хэт их материаллаг зүйлд анхаарснаас чин сэтгэлийн хайр дурлалд зориулах цаг гаргаж амждаггүй. Та хайртдаа хамгийн сүүлд хэзээ гэнэтийн бэлэн барьсан бэ? Ойн баяр, тэмдэглэлт өдрүүдийг хэлээгүй шүү.
Хурдан үр дүнд хүрэх гэж яардаг
Дурласан үедээ яаран сандран дотно харилцаанд орохыг хүсдэг. Цаг хугацааны явцад аажимдаа ирэх тэр нөхцөл байдлыг эрт хүссэнээр хайртай хүн чинь эргэлзэхэд хүрдэг. “Энэ хүн надад чинь сэтгэлээсээ хайртай учраас үүнийг хийхийг хүсэв үү, эсвэл…” гэх болгоомжлол бий болох нь элбэг.
Цаг гарздах дуртай
Сүүлийн үед нэг хүнийг таньж мэдэхээс илүү олон хүнтэй танилцах нь дээр гэх үзэл залуучуудын дунд түгээмэл байна. Бид нэг дор олон зүйл хүсдэг, хайртай хүнээ төгс байхыг шаарддаг. Олон хүнтэй уулздаг ч цөөн хэдэд нь л боломж олгодог.
Технологиос хараат
Гар утас, компьютерийн хөгжил амьд харилцаа үүсгэхэд саад болж байгаа нь үнэн. Амьд харилцааг мессеж, дуут зурвас, чат, видео дуудлага орлох болжээ. Үүнээс үүдэн хосуудын хамтдаа өнгөрүүлэх цаг мөчүүд багасч, ярих зүйлгүй санагдаж, харилцаа хөрөхөд нөлөөлдөг аж.
“Чөлөөт хавьтагчид”
Залуус хайр сэтгэл болон сексийг ялгаатай гэж боддог болсон. Бэлгийн хавьталд орсны дараа л тухайн хүнтэйгээ харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийддэг болжээ. Гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орохыг энгийн мэт бодож, “нээлттэй харилцаатай”, “найзын хувиар хавьталд орох”, “нэг шөнийн секс” зэргийг байх зүйл мэтээр хүлээн авах нь чин сэтгэлийн харилцааг хэврэгшүүлж байна.
Хэт айдас
Бид шинээр дурлахаас, тэр нь бүтэлгүйтэхээс, сэтгэлийн шархтай үлдэхээс айдаг. Ийм айдастай олон хүн харилцаанд орохоос урьтаж “хана” босгох нь бий.