Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ажлын байран дах бэлгийн дарамттай холбоотой заалт оруулна
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг танилцуулж мэдээлэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ энэ тухай: "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг билээ.
Өнгөрсөн хугацаанд уг заалттай холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь үнэн бодитой болох нь нотлогдсон.
Тодруулбал Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ,"МИАТ" ТӨХК-ийн Сөүл дэх Төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглосон нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо.
Мөн Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дах бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй гэж үзсэн" хэмээв.