Иракийн Засгийн газрыг эсэргүүцэгчид Иран дахь консулын байр руу нь халджээ
Иракийн Засгийн газрыг эсэргүүцэгчид Ираны консулын байр руу халджээ. Эсэргүүцэгчид ням гарагт Иракийн Кербела хот дахь Ираны консулын байр руу халдаж, төрийн далбааг нь буулгаж, оронд нь Иракийн төрийн далбааг байрлуулсан байна.
Хууль сахиулагчид тэнд цугласан хүмүүсийг тараахын тулд агаарт хий буудсан гэх мэдээ байгаа ч, хүн бэртгэж гэмтсэн талаар мэдээ байхгүй байна.
Жагсаал цуглаан нийслэл Багдад хот болон Шийтийн урсгалтай өмнөд бүсийн бусад хотуудад ч үргэлжлэн болж байна. “Улс орон нь улам ядуурсаар байхад нийгмийн баялгийг хулгайлж дээрэмдэж, авлига хээл хахуульд идэгдсэн хэмээн энгийн иргэд элит гаралтай улс төрчдөө шүүмжилж байна. Зөвхөн Иракийн дотоодын улс төрчид болон улс төрийн мухардмал байдал зэргээс гадна хөрш зэргэлдээх Иран улс болон Ираны талыг дэмждэг Шит цэргүүдийг эсэргүүцэн, улс орных нь хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Тегеранаас шаардаж байна.
Ираны Засгийн газар Ирак болон Леваны Засгийн газар, мөн энэ хоёр улсын хамгийн нөлөө бүхий зэвсэгт бүлгийг дэмждэг байна.
Эсэргүүцэгчид Ираны талыг шүүмжлэн гудамжинд гарч үймээн самуун хийх болсон нь Америкийн хориг шахалтад байгаа Тегераны хувьд санаа зовоосон асуудал боловч байдал улам хурцадвал Иран болон Ираны холбоотнууд хариу арга хэмжээ авах вий гэсэн болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлээд байна гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь Леванд ч мөн Иракт болж байгаа шиг Ираны талыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, эмх замбараагүй байдал үүсэх болсон юм.
Иракт 10 дугаар сарын сүүлээс эхэлсэн эсэргүүцлийн үйл ажиллагаа ихэвчлэн үймээн самуун, эмх замбараагүй байдалд хүрч, 250 гаруй хүн амь үрэгдсэн байна.