Энэтхэгийн Шинэ Дели хотод агаарын бохирдол хэт өндөр түвшинд хүрээд байна. Үүнээс үүдэн тус хотод сургуулиудыг хааж, барилга, бүтээн босголтын ажлууд зогсчээ.
Шинэ Дели хотын агаарын бохирдол ням гарагт хэт өндөр түвшинд хүрсэн байна. Хотыг өтгөн утаа бүрхээд байгаа учраас сургуулиудыг хааж, мөн 30 гаруй онгоцны нислэгийн чиглэлийг өөрчлөхөд хүрчээ. Шинэ Дели хот болон ойролцоох дүүргүүдийг багтаасан Делийн Үндэсний Нийслэлийн Нутаг Дэвсгэрийн тэргүүн сайд Арвид Кежривал засгийн газар ард иргэддээ тусламж үзүүлж, хорт утааны асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгааг анхааруулсан байна.
Энэтхэгийн нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн нэг куб метр агаар тутам дахь бичил тоосонцрын хэмжээ эрүүл мэндэд аюултай түвшнээс хэд дахин даваад байгаагаар зогсохгүй Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээнээс долоо дахин өндөр байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт Шинэ Дели хотод 5 сая утаанаас хамгаалах маскийг сургуулийн хүүхдүүдэд тараах ажлыг зохион явуулжээ.
Харин ням гарагт Делид утааны эсрэг арга хэмжээг яаралтай авахыг шаардсан оюутан, залуус жагсаал хийсэн байна. Шинэ Дели хот болон хүрээлэн буй бүс нутаг дахь агаарын бохирдлын гол шалтгаан нь тариаланчид цэвэрлэгээний зорилгоор тариан талбайгаа шатааж байгаа явдал юм. Үүнээс гадна долоо хоногийн өмнө болсон Дивали гэх Хиндү шашны баяраар олон сая салютыг буудуулсан үйл явдал ч нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа юм .