Берлиний ханыг босгосон ба нураасан түүхээс

Берлиний ханыг босгосон ба нураасан түүхээс
Одоогоос яг 30 жилийн өмнө Хүйтэн дайны бэлгэ тэмдэг болж байсан Берлиний хана нурснаар хоёр Герман улс нэгдэж байв. Энэ түүхэн үйл явдалд зориулсан ёслолын ажиллагаа даваа гарагт Берлинд хотод эхэлсэн бөгөөд 10-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан “life.ru” цахим хуудсанд хэвлэгдсэн Оросын түүхч Евгений Антонюкийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.    
 
1961 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БНАГУ-д Берлиний ханыг барих ажил эхэлжээ. Уг хана хотыг хоёр хэсэгт хуваасан төдийгүй Хүйтэн дайны гол бэлгэ тэмдэг болж байв.
Гитлерийн эсрэг эвсэлд багтсан холбоотон орнуудын байгуулсан гэрээ ёсоор дайнд ялагдсан Герман улс эзэмшлийн бүсүүдэд хуваагджээ. III Рейхийн нийслэл Берлин хотыг Зөвлөлтийн цэргүүд дангаараа чөлөөлсөн хэдий ч холбоотнуудын эзэмшлийн бүсийг уг хотод ч мөн адил байгуулсан байна. ЗХУ хотын зүүн хэсгийг, америкчууд баруун өмнөд районыг, англичууд баруун хэсгийг, францчууд баруун хойд хэсгийг тус тус хяналтандаа авчээ. 
 
 
Эхэн үедээ холбоотон дөрвөн гүрний төлөөлөгчдөөс бүрдсэн Хяналтын зөвлөл хотын амьдралыг зохицуулж байв. Тухайн үед Берлиний баруун бүсүүд ба зүүн бүсийг ёс төдий  тогтоосон хилийн шугамаар тусгаарлаж байгаад дараа нь шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулжээ.
 
 
Гэхдээ эдгээр цэг нь нийт тусгаарлах шугамын дагуу бус харин тодорхой хэсэгхэн газарт ажиллаж байв. Берлиний оршин суугчид найз нөхдийндөө чөлөөтэй зочилж, хотын баруун хэсгээс зүүн рүү, зүүнээс баруун хэсэг рүү ажил төрөлдөө явдаг байжээ. Гэтэл удалгүй холбоотнуудын харилцаа хурцдаж эхлэв. Эхэндээ тэдний зөрчил Берлинд мэдрэгдэхгүй, харин Германы бусад газар нутгийг хамарч байв. Эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулна гэдэг шалтгаанаар холбоотнууд өөрсдийн эзэмшлийн бүсүүдээ нэгтгэж, эхлээд Бизоны бүсийг, дараа Тризоны бүсийг байгууллаа. 
1948 онд Лондон хотод Өрнөдийн 6 улсын төлөөлөгчдийн зөвлөгөөн болж, Германы төрт улсыг сэргээх механизмыг боловсруулсан байна. Ингэхдээ Зөвлөлтийн талыг зөвлөгөөнд уриагүй учраас үүнийг эсэргүүцсэний илрэл болгон Кремлийн эрх баригчид Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг бойкотлов.
Мөн оны зун холбоотнууд Москватай зөвшилцөхгүйгээр Тризонд мөнгөний шинэтгэл хийжээ. Берлиний баруун, зүүн хэсгүүд нь эдийн засгийн хувьд хоорондоо нягт холбоотой байсан тэр үед холбоотнууд дангаараа мөнгөний шинэтгэл хийсэн нь санаатайгаар бусниулах ажиллагаа мөн гэж ЗХУ үзээд хотын хоёр хэсгийн хооронд зорчихыг хэдэн өдрийн турш хориглосон байна. Энэ үйл явдлыг түүхэнд “Баруун Берлиний бүслэлт” гэж нэрлэдэг.
Энэ бүслэлт нь Германы нутагт хоёр өөр улс байгуулагдах нь зөвхөн цаг хугацааны асуудал болсныг харуулсан юм. Барууны холбоотнууд 1949 онд ХБНГУ-ыг байгуулсан бол жилийн дараа ЗХУ-ын оролцоотойгоор БНАГУ байгуулагдлаа.
 
Нас барахынхаа өмнө Сталин асуудлыг зохицуулахын тулд эцсийн оролдлогоо хийжээ. Тэрбээр Германыг нэг улс болгох, ингэхдээ төвийг сахисан, эвсэлд нэгдээгүй улс болгох саналыг барууны холбоотнуудад тавьсан аж. Харин Баруун Германыг Европ дахь гол түшиц газраа гэж үздэг америкчууд Германд тавих хяналтаа алдах вий хэмээн болгоомжилж эхлэв. Хэрвээ Герман улс сайн дураараа НАТО-д нэгдэх боломжтой тохиолдолд л Сталины саналыг дэмжинэ гэдгээ АНУ илэрхийлжээ. Гэвч үүнийг ЗХУ зөвшөөрөөгүй нь ойлгомжтой.
 
Ойртон нэгдэхийн оронд бүрмөсөн салан тусгаарлах үйл явц өрнөж эхэллээ. ХБНГУ-ын хувьд, БНАГУ-ыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд тус улсыг Германы нутаг дэвсгэрт оршдог боловч Зөвлөлтийн хяналтанд байгаагаар газрын зураг дээр тэмдэглэжээ. Баруун Германы удирдлага БНАГУ-ыг хүлээн зөвшөөрсөн аливаа улсаас дипломат харилцаагаа шууд тасалж байсан ба эл байдал 1970-аад оны эхэн үе хүртэл үргэлжилсэн юм.
 
Чөлөөт хот Берлин
 
1958 онд Никита Хрущев Германы асуудлыг шийдэх оролдлого хийлээ. Тэрбээр түүхэнд “Берлиний тулган шаардах бичиг” гэж нэршсэн саналыг барууны холбоотнуудад тавьжээ. Түүний саналд тусгаснаар: Берлиний баруун хэсэг нь тусгаар чөлөөтэй хот болох ба холбоотнууд өөрсдийн эзэмшлийн бүсээсээ гарч явахдаа хотын удирдлагыг бие даасан иргэний засаг захиргаанд шилжүүлэх ёстой аж. ЗХУ ба холбоотнууд чөлөөт хотын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд хотын оршин суугчид эдийн засгийн ба улс төрийн ямар тогтолцоотой байх вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Хэрвээ Хрущевийн энэ саналыг зөвшөөрөхгүй бол хотын удирдлагыг БНАГУ-ын эрх баригчдад шилжүүлнэ гэж Зөвлөлтийн тал сүрдүүлсэн байна. 
 
 
Англичуудын хувьд, Хрущевын саналд дундыг барьсан байр сууринаас хандаж, аль аль талуудын эрх ашигт нийцэх нөхцөл болзлын үндсэн дээр уг саналыг хэлэлцэхэд бэлэн байжээ. Харин Америкийн тал эрс эсэргүүцэв. Хэрвээ Хрущевын саналыг хүлээж авбал Баруун Берлин нь бүх талаараа БНАГУ-д бүслэгдсэн жижигхэн арал болж хувирч, түүний тусгаар байдал, эдийн засгийн хөгжил нь Зүүн Германаас шууд хамаарах байв.
Хрущев барууны холбоотнуудтай тохиролцохын тулд эцсийн шийдвэр гаргах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан байна. Гэсэн хэдий ч талууд зөвшилцөлд хүрч чадсангүй. 1961 оны 4 дүгээр сард тэрбээр мэдэгдэхдээ “он дуусталх хугацаанд Баруун Берлинийг удирдах эрх БНАГУ-ын засаг захиргаанд шилжинэ” гэсэн байна. 
 
Зүүн Германаас зугтагсад
 
Хотын хоёр хэсэг удахгүй хоорондоо харилцах боломжгүй болно гэж болгоомжилсон Зүүн Берлиний иргэд баруун руу гарах сүүлчийн боломжийг ашиглахаар шийджээ. Холбоотнууд эзэмшлээ тогтоосноос хойш зүүн германчууд баруун руу гарах нь түгээмэл үзэгдэл байлаа. Нийтдээ хэдэн зуун мянган хүн баруун Берлин рүү дүрвэсэн гэж үздэг бөгөөд тэдний дотор өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд олноороо байсан гэдэг.
 
 
Зөвлөлт маягийн тогтолцоонд өөрсдийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас том бизнесийнхэн ч баруун руу дүрвэн зугтсан байна. Зөвлөлтийн эзэмшлийн бүсэд байсан Auto Union концернийн удирдлага болон бараг бүх ажилтан нь баруун Берлин гараад тэнд ажлаа үргэлжлүүлжээ. Ингэж дэлхийд нэртэй Audi компани үүссэн байна.
 
БНАГУ-аас хүмүүс олноороо зугтаж байгаа нь Кремлийг түгшээж эхэллээ. Сталин нас барсны дараа Берия Германы асуудлыг уг үндсээр нь шийдэхийг оролдсон байна. Тэрбээр “БНАГУ-д социалист эдийн засгийг бий болгох гэж яарахын хэрэггүй, капитализмыг хэвээр байлгаж, хүнд үйлдвэрийн оронд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх нь зүйтэй /Сталины хэлсний эсрэгээр/” гэж үзэж байлаа. Хожим Берияг шүүхдээ энэ байр суурийг нь түүнийг буруутгах үндэслэл болгож байв.  
Бүр Сталины үед буюу 1952 онд БНАГУ ба ХБНГУ-ын хооронд чөлөөтэй зорчих явдлыг хориглосон байсан боловч энэ шийдвэр нь Берлинд хамаарахгүй байлаа. Хотын оршин суугчид урьдын адил эзэмшлийн бүсүүдийн хооронд зорчсоор. Зөвхөн 1961 оны эхний хагас жилд гэхэд Зүүн Германаас 200 мянга орчим хүн гарч явсан байна. Чөлөөтэй зорчихыг хориглохоос өмнөх нэг сарын хугацаанд 30 мянган хүн Баруун Берлин рүү зугтан гарчээ.   
 
Берлиний ханыг барьж эхэлсэн нь
 

 

1961 оны 8 дугаар сарын 21-ний өдөр БНАГУ-ын эрх баригчид Берлин хотын хоёр хэсгийн хооронд зорчихийг хориглох тухай шийдвэр гаргав. Хотын бүх коммунистууд, цагдаа нар болон төрийн зарим албан хаагчид “хил хамгаалах” шөнийн манаанд гарав. Тэд хэнийг ч нэвтрүүлэхгүйгээр амьд гинжин хэлхээ болон зогсчээ. Тэднээс холгүй цэргүүд байлаа.
 
БНАГУ-ын эрх баригчид “байдлыг тогтворгүй болгохын тулд санаатайгаар бусниулах ажиллагаа явуулж, өдөөн хатгалга хийж” буй ХБНГУ-ыг буруутгасан мэдэгдэл хийв. Зүүн берлинчүүдийг баруун Берлинд урхидан авчирч байгаа нь БНАГУ-д эдийн засаг, санхүүгийн хохирол учруулж байна хэмээн Зүүн Германы эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Эл шалтгаанаар 1961 оны 8 дугаар сарын 13-нд хотыг хоёр хэсэгт хуваах ханыг барих ажил эхэлсэн байна. 
 
Хоёр өдрийн хугацаанд хэнийг ч хааш нь ч нэвтрүүлсэнгүй. Тусгаарлах шугамын дагуу өргөст тор байрлуулж эхэлсэн бөгөөд 15-ны өдөр бетонон хана босгох ажил эхэллээ. 
 
Дэлхийн III дайны ирмэгт  
 
Берлиний ханыг босгосон нь улс төрийн гүнзгий хямралыг дэгдээж, золтой л зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэнгүй. Хана босгож эхэлсний хариуд АНУ-д бэлтгэл цэргүүдийн дайчилгаа эхэллээ. Офицеруудын алба хаах хугацааг нэг жилээр сунгав. Баруун Берлин рүү Америкийн 1500 цэргийг оруулжээ. Зарим анги нэгтгэлүүд байлдааны бэлэн байдалд шилжсэн байна. 
 
8 дугаар сарын 24-ний өдөр танкаар дэмжүүлсэн Америкийн цэргүүд баригдаж буй хананы дагуу жагсчээ. Үүний хариуд Зөвлөлтийн армиас цэрэг халах ажиллагааг зогсоов. Хэдэн хоногийн дараа хотын баруун хэсэгт цэргийн хүчийг төвлөрүүлж эхэлсэн бөгөөд 10 дугаар сар гэхэд цэргийн тоо 40 мянгад хүрсэн байлаа. Маш аюултай нөхцөл байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөн дэгдэж ч магадгүй болжээ. 
 
 
10 дугаар сарын 26-ны өдөр Америкийн талын “Чарли” шалган нэвтрүүлэх цэгээс 10 танкаар хамгаалуулсан хэд хэдэн бульдозерууд Берлиний хананд тулж ирэв. Америкчууд ханыг нураах гэж байна хэмээн болгоомжилсон Зөвлөлтийн тал хэд хэдэн танкийг тухайн газар руу илгээв. Энэ үйл явдлийг түүхэнд “танкийн тулгаралт” гэж нэрлэх болсон юм. 
 
Америк, Зөвлөлтийн танкууд бие биенийхээ өөдөөс их буугаа онилон бүхэл бүтэн шөнийн турш зогсож байсан боловч ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. Аливаа нэгэн болгоомжгүй хөдөлгөөн нь маш аюултай үр дагаварт хүргэх байлаа. Танкууд бүтэн өдрийн турш ингэж зогссоны эцэст 28-ны өглөө Зөвлөлтийн тал танкуудаа гэдрэг татав. Америкчууд мөн адил ийм үйлдэл хийснээр зэвсэгт мөргөлдөөн дэгдэх аюулаас зайлсхийж чадлаа.  
 
Фашизмын эсрэг хамгаалалтын хана
 
Берлиний ханыг БНАГУ-д олон жилийн турш “Фашизмын эсрэг хамгаалалтын багана” гэж нэрлэж байжээ. Энэ нь БНАГУ дахь ард түмний засаглалд саад хийх гэсэн баруун Германы “фашистууд”-ын оролдлогоос хамгаалах зорилгоор уг бэхлэлтийг байгуулсан гэсэн утгатай аж. Харин Баруун Германд 10 жилийн турш уг ханыг “Гутамшгийн хана” /Wall of shame/ гэж нэрлэж ирсэн байна. 1970-аад оны эхээр БНАГУ, ХБНГУ хоёр бие биенийгээ хүлээн зөвшөөрснөөр харилцаанд дулаарлын үе эхэллээ. Ингэснээр албан ёсны мэдэгдлүүдээс дээрх хоёр үг алга болсон юм.
 
 
Гэсэн хэдий ч хана хэвээрээ үлдсэн төдийгүй улам өргөжин боловсронгуй болсоор байлаа. Эхэн үедээ хананы зарим хэсэгт нь ердөө мушгиа өргөст тор л байсан бөгөөд бага зэргийн бэлтгэл сургуулилт хийсэн хүн дээгүүр нь харайж болохоор байв. Иймээс хамгаалалтын үүргийг Зүүн Германы цэргүүд гүйцэтгэж байсан бөгөөд тэд хил зөрчигчдийг шууд буудах эрхтэй байж. Гэхдээ энэ нь зөвхөн зүүн берлинчүүдэд хамаатай, харин Баруун Берлинээс орж ирэгсдийг бууддаггүй байжээ.
 
 
Дашрамд дурдахад, ханан дээгүүр харайгчид ямар ч улс төр, эдийн засгийн сэдэлгүйгээр эл үйлдлийг хийдэг байсан ба тэд ихэнхдээ халамцуу эсвэл эр зоригоо нөхөддөө гайхуулах гэсэн залуус байв. Тэднийг баривчлан саатуулж, байцаасны дараа буцаагаад явуулдаг байж.   
 
 
Хэдийгээр хоёр Герман аажмаар хоорондоо ойртсоор байсан боловч Берлины хана улам боловсронгуй болж, жинхэнэ бэхлэлт болон хувирчээ. 1970-аад оны сүүлч гэхэд уг хана нэвтрэхийн аргагүй саад болсон байна. Зүүн Берлиний талаас харахад, оргогсод эхлээд бетонон хана эсвэл өргөст торон дээгүүр давж гарах хэрэгтэй. Үүний цаана танк эсэргүүцэх зараа хэлбэртэй хаалтнуудын бүхэл бүтэн эгнээ бий. Хаалтыг өнгөрлөө гэхэд дахиад л өргөст тор гараад ирнэ. Өргөст торонд хүрмэгц дохиолол ажиллаж, хил зөрчсөн тухай мэдээллийг харуулд өгнө.
 
Цаашаа явахад эргүүл хамгаалалтын бүс байх ба явган ба автомашинтай харуулууд хөлхөлдөнө. Уг бүсийн цаана 3-5 м-ийн гүнтэй хамгаалалтын нүх бий.
Үүнийг өнгөрч гарлаа гэхэд цаана нь мөр шалгах элсэн зурвас байх бөгөөд уг зурвасыг хоорондоо хэдхэн метрийн зайтай орших хүчтэй прожектороор гэрэлтүүлнэ. Эцэст нь, бетонон блокоор хийсэн 3,6 м-ийн өндөр хана байх ба хананы орой дээр дөрвөлжин цилиндр хэлбэртэй саадууд бий. Мөн 300 м тутамд харуулын цамхагууд байх ба зарим хэсэгт танк эсэргүүцэх бэхлэлтүүд хүртэл барьсан байжээ. 
Хананы нийт урт нь 106 км байсан бөгөөд нийт уртынх нь дагуу бетонон блокууд суурилуулсан байна. Гэхдээ хамгийн аюултай хэсгүүдийг сайтар бэхэлжээ. Харин аюул багатай хэсгүүдийн заримд нь өргөст тор, заримд нь нүх, заримд нь дохиолол байсангүй.
 
 
 
Берлиний хананы бэхлэлтийн байгууламжид ойрхон орших байшингуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, цонхнуудыг нь бетондсон байснаа хожим бүх байшинг нураажээ.
Хот дотор чөлөөтэй зорчих эрхийг зөвхөн тэтгэврийн насны хүмүүс эдэлдэг байлаа. Харин Зүүн Берлиний хөдөлмөрийн насны иргэд тусгай үнэмлэх авах ёстой бөгөөд баруун Берлинд байнга оршин суух эрхгүй байв. Берлиний ханыг барьж эхлэх тэр үед Баруун Берлин дэх хүмүүсийн амьдралын түвшин БНАГУ-ын иргэдийнхээс илүү байсан бөгөөд он цаг улирах тусам уг ялгаа улам нэмэгдсээр байв.
Хана барьсны дараачаас оргогсдын урсгал татарсан боловч бүрмөсөн зогссонгүй. Германчууд элдэв арга чарга хэрэглэн ханан дээгүүр давахыг оролдож байлаа. Тэд асар том хонгил ухаж, дельтаплан болон агаарын бөмбөлөг ашиглаж байсан гэдэг. Үүнтэй холбогдуулан БНАГУ-аас оргохыг оролдсон хүмүүст хорих ял оноох заалтыг Эрүүгийн хуулинд оруулсан байна.
 
Ханыг нураасан нь
 
Берлиний хана бараг 30 жилийн турш оршин байсан юм. 1980-аад оны дундуур орчин үеийн ажиглалт, дохиоллын системийг ашиглан түүнийг улам найдвартай бат бэх болгох төлөвлөгөөг боловсруулж байжээ. Гэвч Зүүн Европт дэгдсэн ардчилсан хувьсгалын давалгаа нөхцөл байдлыг үндсээр нь өөрчиллөө. 1989 оны эхээр Унгар улс Австритай залгаа хилээ нээв. Ингэснээр Берлиний хана оршин байх нь утга учиргүй зүйл боллоо. ХБНГУ руу гарах гэсэн зүүн германчууд Унгараар дамжин Австрид очоод, тэндээсээ баруун Германд нэвтрэх болов. 
Эрчимтэй өрнөж байсан түүхэн үйл явцын нөлөөн дор БНАГУ-ын эрх баригчид буулт хийхээс аргагүйд хүрлээ. 1989 оны 11 дүгээр сард Баруун Германд зорчих гэсэн бүх хүмүүст визийг чөлөөтэй олгож эхлэв. 12 дугаар сард Бранденбургийн хаалганы ойролцоох Берлиний хананы хэсгийг буулгасан байна. 1989 он бол Берлиний хана оршин байсан сүүлчийн жил юм. Гэхдээ уг байгууламж дахиад хэсэг хугацаанд тогтсоор байсан бөгөөд 1990 оны сүүлчээр хоёр Герман нэгдсэний дараа бүрмөсөн буулгасан юм. Хүйтэн дайны бэлгэ тэмдэг байсан гэдэг үүднээс уг хананы багахан хэсгийг хэвээр хадгалан үлдээх шийдвэр гаргасан байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419