АНУ Парисын гэрээнээс гарах үйл явцыг албан ёсоор эхлүүлжээ
АНУ уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнээс гарах үйл явцыг даваа гарагт албан ёсоор эхлүүлсэн тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн гаргасан мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, “гэрээний нөхцөлийн дагуу АНУ гарах тухайгаа НҮБ-д албан ёсоор мэдэгдлээ. Гарах үйл явц мэдэгдэл хүргүүлснээс нэг жилийн дараа дуусна”.
АНУ-д "эдийн засгийн шударга бус дарамт" үзүүлсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээнээс гарах шийдвэр гаргасныг Майк Помпео сануулсан байна.
Энэхүү гэрээг Францын нийслэл хотноо 2015 оны 12 дугаар сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын 21 дүгээр бага хурлын үеэр баталсан юм. Парисын хэлэлцээрт оролцогчид 2100 он гэхэд дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулахад Цельсийн 2 хэмд хязгаарлахаар тохиролцжээ.