Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Тогтоолын төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
“Эдүгээгээс 30 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал нь нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзаж, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон билээ.
Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, Ардчилсан тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар 2009 онд шагнаж байсан билээ.
Ардчилсан хувьсгалын ой нь манай нийт ард түмний баяр юм. Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн түүхэн үйл явцыг үнэлэн дүгнэж, олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийх, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, энэ үйл хэрэгт оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” хэмээн Тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж.