Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын хоёр хоногт цаг агаар тогтуун, дулаан байна. Долоо хоногийн сүүлээр сэрүүсч, хүйтрэх төлөвтэй байна. Маргааш баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй, бол төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Энэ сарын 6-10-ны цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар цас орж шуурах төлөвтэй байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах аж. Салхины хувьд энэ сарын 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Харин энэ сарын 6-нд нутгийн зүүн хагаст, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.