Д.Эрдэнэбат: АН-ын саналыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй
УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна.
Уг төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн бэлтгэл энэ сарын 11-нд дуусна. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гурван саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тодруулбал, парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, Эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоодог болох, Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах гэсэн санал гаргасан. Уг саналыг хүлээж авахгүй бол АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр ажил эрхэлсэн БНХАУ-ын 783 иргэний асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Дээрх иргэдийг цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа. БНХАУ-ын иргэдийг саатуулах үеэд 1.5 тэрбум төгрөг хураасан байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх энэ мэт үйлдлийг таслан зогсооход хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал байна. Мөн эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага тулгарсны илрэл боллоо” хэмээв.
Мөн тус намын зөвлөл Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар дүгнэлт гаргаж, УИХ-д хүргүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж, батлах нь зөв хэмээн үзжээ. Улмаар тус төслийг боловсруулах ажлын багт УИХ-ын гишүүн З.Нарантуяаг оруулахаар төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг