Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн чөлөөт бөхийн 23 хүртэлх насны “Будапешт 2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр 23 хүртэлх насны Ази тивийн аварга, залуучуудын АТАШТ-ий хүрэл, өсвөр үеийн АТАШТ-ий алт, хошой хүрэл, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын залуучуудын хошой, өсвөр үеийн таван удаагийн аварга болсон шилдэг тамирчин юм.
Түүний энэ удаагийн амжилт Монголын бөхчүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ээс үзүүрлэсэн хоёр дахь тохиолдол боллоо. Түүнээс өмнө нь 2017 онд ОУХМ А.Батцэцэг Быдгошт болсон анхны тэмцээнд мөнгөн медаль хүртэж байв.
Ө.Пүрэвсүрэн Будапештын дэвжээний шөвгийн наймд 2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Беларусийн Надья Драгуноваг цэвэр, хагас шигшээд Казахстаны ихэр эгч дүүсийн нэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн медальт Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялсан. Харин шигшээ барилдаанд Бүх Японы аваргын мөнгө, хүрэл медальтай Мисүзү Ёномотод 0:11-ээр ялагдаж үзүүрлэлээ. Баянхонгорын С.Мөнхдуулдах багшийн шавь Ө.Пүрэвсүрэнгийн хувьд 13 наснаасаа өсвөр үеийн УАШТ-д таван жил дараалан аваргалж дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнд хар багаасаа танигдсан. Өдгөө19 настай Ө.Пүрэвсүрэнд “U-23” ДАШТ-д дахиад дөрвөн жил барилдана.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг