О.Янжмаа: МУ-ын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1466 оюутан суралцаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй оюутануудад хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх “Боломжийг бодит болгоё” анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус арга хэмжээний үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Дээд боловсролын Бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Янжмаагаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Манай улсад хичнээн тооны хөгжлийн бэрхшээлтэй оюутанууд хэр суралцаж байна. Сурах боломж бололцоо нь хэр хангагдсан байна вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд МУ-ын хэмжээнд 157 мянган оюутан суралцаж байна. Үүнээс урьдчилсан байдлаар харахад хөгжлийн бэрхшээлтэй 1466 оюутан суралцаж байна гэсэн судалгаа гарсан. Бид бүхэн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа суралцах орчин нөхцөлийг сайжруулах, суралцах боломжоор хангах зорилготой ажиллаж байна. Дээрх хэлсэн 1466 хөгжлийн бэрхшээлтэй оюутанууд 1.4 тэрбум төгрөгний буцалтгүй тусламжинд хамрагддаг. Засгийн газрын 71 дүгээр тогтоолоос хойш хамрагдаж байгаа гэсэн үг. 2018-2019 оны хичээлийн жилээс 100%-ийн тусламжинд хамрагдаж байгаа. Урд нь 50% нь гэж яригддаг байсан боловч одоо бүрэн хамрагдуулах асуудлыг шийдсэн гэж харж байгаа.
Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлгүй мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг, харилцдаг эрүүл оюутануудтайгаа илүү сайн ажилладаг. Тодруулбал, энэ хичээлийн жилээс оюутанууддаа дохионы хэлийг мөн барриалаар ном унших хичээлүүдийг сонгох суралцах хичээлүүдийн тоонд оруулсан. МУБИС 300-аад оюутан дохионы хэлний сургалтанд хамрагдаад явж байгаа. Энэ сараас эхлээд олон нийтийн телевизээр жижигхэн төсөл хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд дохионы хэлийг заах гэж байгаа. Үүнд ард иргэд оюутанууд идэвхитэй оролцох хэрэгтэй. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцахын тулд дохионы хэлийг сурах ёстой.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг хайрцаглагдсан сэтгэлгээг өөрчлөхийн тулд эдгээр оюутан залуус өөрсдөө чадварлаг боловсролтой байх хэрэгтэй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын хууль эрх зүйн мэдлэг хэр байна вэ. Энэ тал дээр яамны зүгээс ямар бодлого баримталж ажиллаж баййна?
-Харьцангуй их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутанууд сургалтын төлбөрөө төлөхөөс авхуулаад хууль эрх зүйг судлах хэрэгтэй болдог. 2016 оны 71 дүгээр тогтоол буцалтгүй тусламж, оюутан хөгжлийн зээл гэж байна. Мөн нэг өрхөөс гурван хүүхэд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин бол буцалтгүй тусламжинд хамрагдаж байгаа. Харьцангуй санхүүжилттэй холбоотой асуудалд сайн оролцож, мэдэж байгаа. Хэдэн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхээр зам, ариун цэврийн өрөөний асуудал яригддаг байсан бол одоо хөгжил дэвшил, мэдлэг оюуныг нь анхаарч ажиллаасай гэж хүсдэг.
-Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хэдэн оюутан ажиллаж байна. Бүс нутгийн хэмжээнд боловсрол эзэмшүүлэх асуудалд хэрхэн анхаарч байгаа бол?
-Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй оюутануудын 7% нь байгаа. Зүүн бүсэд буюу ДОРНОД аймагт Дорнод Их сургуулийг түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, ТББ маш сайн ажилладаг. Ийм учраас Дорнод Их сургуулийг бодлогоор дэмжээд тусгай хэрэгцээт боловсролын ангийг нээн ажиллуулж байгаа.
-Хамгийн гол нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй оюутанууд төгсөөд ажиллах боломж хэр байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй оюутанууд төгсөөд ажлын байраар бүрэн хангагддаг гэж харж байгаа. МУБИС-ын тусгай хэрэгцээт боловсролын ангийг 18 оюутан өвөл төгссөн. Тэгээд төгсөлтийн баяр дээрээ бүгд ажилтай болчихсон гэж ярьж байсан. Тэгэхээр энэ асуудал харьцангуй сайжирч байгаа. 21-р зууны оюутанууд соёлтой боловсролтой болж байна. Бид нарын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхээр бариул, зам талбайны асуудал ярьдаг байсан бол одоогийн оюутанууд хандагаа өрчилж байна. Үүнийг уншиж байгаа залуус хандлагаа өөрчлөх байх гэж бодож байна.