340 сая хүний амьдарч байгаа газар нутаг үерт автах эрсдэлтэй байна
Далайн түвшин эрдэмтдийн өмнө нь тооцоолж байснаас хавьгүй хурдацтай нэмэгдэж байгааг шинэ судалгаанд онцолжээ. Далайн түвшин хурдацтай нэмэгдэж байгаа нь далайн эргээр амьдардаг хүмүүст ийм заналхийллийг бий болгож байгаа юм. Энэ судалгааг Америкт төвтэй “Climate Central” гэх төрийн бус байгууллага явуулж, Их Британийн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Тус байгууллагаас хиймэл оюун ухаан дээр тулгуурласан шинэ тооцооллын аргаар 130 гаруй орноос цуглуулсан мэдээллийг задлан шинжилж, ийм үр дүнг гаргажээ.
2050 он гэхэд 340 гаруй сая хүний амьдарч байгаа газар нутагт жил бүр үерт автдаг болох эрсдэлтэй байна. Азийн орнуудад далайн эргийн ойролцоо амьдардаг 230 гаруй сая хүний орон байр байнгын үерийн бүсд орохоор байгаа юм. Хамгийн таагүй нь улс орнууд Парисын Гэрээнд тусгагдсан хэмжээнд хүртэл хүлэмжийн хийн ялгарлаа буурууллаа ч үер болон цунамигийн энэ аюулыг багасгаж чадахааргүй байна.
Тэгвэл Хятад улсад далайн эргийн дагуух бүс нутагт 90 сая гаруй хүн амьдардаг бол Бангладешийн 40 гаруй сая хүн эргийн ойролцоо байршиж байна. Энэтхэгт 36 сая хүн далайн усанд ойролцоо амьдарч байгаа аж. Япон улсын тухайд 5.3 сая хүний амьдарч байгаа далайн, тэнгисийн ойролцоох бүс нутаг үерт өртөх эрсдэл өндөр байгаа юм. Өмнөх судалгаагаар далайн түвшин нэмэгдсэнээр Японд 700 000 гаруй хүний орон байр усанд автах эрсдэлтэй гэж үзэж байсан бол шинэ судалгаа үүнээс хавьгүй олон хүн аюулд өртөхөөр байгааг анхааруулжээ. Далайн түвшиний өсөлтөөс үүдэн улс орнууд эргийн ойролцоох иргэд тэдний хөрөнгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг томоохон асуудалтай тулгарч байгааг Climate Central байгууллагын мэдээлэлд онцолжээ.