Д.Трамп Их Британийн Ерөнхий сайдын "Brexit"-ийн гэрээг шүүмжилжээ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны Европын Холбоотой байгуулсан “Brexit”-ийн гэрээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжлээд, уг гэрээ хоёр орны худалдаанд саад учруулж болзошгүй гэж хэлжээ.
Д.Трамп пүрэв гарагт “LBC” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарснаар “одоогийнхоос илүү их зүйлийг хийх боломж бүрдэх байсан” гэжээ. Мөн тэрбээр Лейборист намын дарга Жереми Корбиныг “маш муу” Ерөнхий сайд болно хэмээн хэлсэн байна.
Харин Ж.Корбин, “найз Б.Жонсоныхоо” нэр хүндийг өсгөхийн тулд Их Британийн бүх нийтийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийг буруутгажээ.
Их Британид ээлжит бус сонгууль явуулах хуулийн төсөл пүрэв гарагт батлагдсанаар тус улсад ирэх 12 дугаар сарын 12-нд бүх нийтийн сонгууль явуулахаар болжээ. Их Британид 1923 оноос хойш 12 дугаар сард явуулсан анхны сонгууль энэ болох юм.