Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэд хоногийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа талаар хэлсэн юм. Тус мэдээллийн дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг ажлаа өгсөн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрээр "Би өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалттай холбоотой асуудал дан ганц Санхүүгийн зохицуулах хорооны ажил биш. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд өсөлт бий болсон. Өсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийг ярих, ард иргэддээ үр өгөөжийг нь мэдрүүлэх боломжгүй. Ярьж байгаа хүмүүс нь л мэдэх байх. Би төрийн ажил хийж байгаа төрийн албан хаагч. Миний байр суурь ийм байна. Төрийн байр суурь ийм байна гэдэг дээр надад хэлэх юм алга" гэсэн хариултыг өглөө.