Калифорни мужид 180 мянган хүнийг орон байраа орхин, аюулгүй газар руу нүүхийг хүсчээ
АНУ-ын Калифорни мужид хэд хэдэн бүс нутаг ой хээрийн түймэрт өртөөд байна. Энэ байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн 180 000 гаруй хүнийг аюулгүй газар уруу нүүхийг сэрэмжлүүлжээ.
Калифорни мужийн Лос-Анжелес хотын Гетти Төвийн ойролцоо мөн гал түймэр гарчээ. Энэ бүсэд Калифорнийн хамгийн үнэтэй хувийн байшингууд байрладаг юм байна. Гал түймрээс үүдэн олон мянган иргэн орон гэрээ орхин аюулгүй газар руу нүүхэд хүрчээ. Мөн эдгээр хүмүүсийн дунд алдарт сагсан бөмбөгчин Леброн Жэмис болон жүжигчин, амбан захирагч асан Арнольд Шварценеггер багтаж байна. Энэ хооронд Лос Анжелес хотын дарга гал түймрийн эсрэг тэмцлийг илүү үр дүнд хүргэхийн тулд онц байдал зарлахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.
Мөн Лос Анжелесаас гадна Америкийн бусад газруудад их хэмжээний түймэр гараад байна. Энэхүү ой хээрийн түймрээс үүдэн Калифорнийн хойд бүс нутаг дахь 940 мянган айл өрх цахилгаангүй болжээ. Калифорнийн Сонома гэх бүсэд өнгөрсөн лхагва гарагт ой хээрийн түймэр гарч, 50 мянган га талбай шатаад байна. Лос Анжелес хотын Гетти Төвийн ойролцоох гал түймрийг унтраах ажилд 1000 гаруй гал сөнөөгч дайчлагдаад байгаа бол Сонома бүсэд 3000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа ч үр дүн тун бага байгаа юм. Мөн Калифорнийн дарс үйлдвэрлэлийн гол бүс болох Сономад 80 мянга гаруй барилга, байшин гал түймэрт өртөж болзошгүй нөхцөлд байна.