Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.
Ч.Хөхчирэнгэр начингийн хувьд наадмаас хойш гурав дахь түрүүгээ ийнхүү хүртлээ. Өмнө нь “Хүрээ цам даншиг наадам”, Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлсэн юм. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн зэрэг сумын харъяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Харин шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар үлдсэн байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг