Байгалийн баялгаас хамгийн бодитой хувь хүртэгч нь бичил уурхайчид гэв
Дэлхий дахинд бичил уурхай эрхлэгчдийг байгаль сүйтгэгч, байгалийн баялгийг хууль бусаар ашиглагч хэмээн ад үзэж, үйл ажиллагааг нь таслан зогсоох алхамууд хийж байсан ч амжилтад хүрсэн тохиолдол байдаггүй. Энэ тэмцэл нь буруу тийш эргэж иргэний дайн гарах нөхцөлийг бүрдүүлсэн жишээ олон аж. Харин бичил уурхай эрхлэгчдийн эрхзүйн орчинг бий болгож, хамтран ажилласнаар үр дүнд хүрчээ. Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос зохион байгуулсан сургалтын үеэр ярьсан юм. Өнөөгийн байдлаар хариуцлагатай бичил уурхай эрхлэгчид эрүүл газар руу орж олборлолт явуулдаггүй. Харин том компаниудын сорчилж олборлолт явуулсан газарт ажиллаж, эргээд нөхөн сэргээлт хийж байгаа аж. Бичил уурхай эрхлэгчид 2013 оноос хойш 450 газрыг өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээжээ.
Энэ жил л гэхэд 50 га газрыг нөхөн сэргээгээд байгаа аж. Нөгөөтэйгүүр, бичил уурхай эрхлэгчид маш бага газар үйл ажиллагаа явуулдаг. АМГТГ-аас бичил уурхайн чиглэлээр 2700 га газар олборлолт явуулах боломжтой гэж дүгнэлт гаргасан байдаг ч өнөөгийн байдлаар 370 орчим га газар ажиллаж байгаа аж. Тухайлбал, саяхан цуцласан “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 лицензийн талбай 5800 га газрыг хамарч байжээ. Үүнтэй харьцуулбал, бичил уурхай эрхлэгчид өчүүхэн бага талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэв. Түүнчлэн, тэд маш бага талбайдаа олон жил ажиллаж, амьдрал ахуйгаа тэтгэдэг байна. Тухайбал, Сэлэнгэ аймагт 5 га газарт 250 бичил уурхайчин 10 гаруй жил ажиллаж байгаа аж. Тиймээс байгалийн баялгийг хамгийн бодитой хүртэх боломж нь бичил уурхай эрхлэгчид хэмээсэн. Мөн мөнгөн ус хэрэглэх байдал арилсан. Мөнгөн усгүйгээр баяжуулах долоон терм бий болсноор эмх замбараатай болжээ.