Чили улсад нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн эхлээд байна. Тэгвэл нэг сая гаруй хүнийг хамраад байгаа жагсаал, эсэргүүцлээс үүдэн тус улсын ерөнхийлөгч засгийн газраа огцруулаад байна. Жагсагчдын тавьж буй шаардлагыг хүлээн авч, шинэ бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадах кабинетыг бүрдүүлэх зорилгоор ийм алхам хийжээ.
Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинера тус улсын төр засгийн өмнө тулгараад байгаа шинэ сорилтуудыг шийдвэрлэх, үүсээд байгаа нөхцөлд дорвитой хариу арга хэмжээг авч чадах шинэ кабинетыг бүрдүүлэхээр зорьж байна. Гэхдээ Чилийн шинэ засгийн газрын сайд нараар ямар хүмүүс сонгогдох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ерөнхийлөгч Себастьян Пинера Чили дэх нөхцөл байдал долоо хоногийн өмнөхөөсөө тэс өөр болоод байгааг хэлж, жагсагчдын шаардлагыг хүлээн авч буйгаа ахин илэрхийллээ. Мөн тэрээр Чилийн хэд хэдэн хотод хөл хорио тогтоогоод байсныг цуцалсан гэдгээ дуулгасан. Тус улсын сөрөг хүчний зүгээс онц байдал зарласнаа ч мөн цуцлахыг шаардсан байна.
Энэ хооронд Чили улсад шударга ёсыг уриалж, нийгэм дэх баян, хоосны ялгаа хэт өндөр байгааг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна. Сантьяго хотод өнгөрсөн баасан гарагт болсон тайван жагсаалд 1 сая гаруй хүн оролцсон нь тус улсын нийт хүн амын 5 хувь гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш 20 орчим хүн амиа алдаж, олон зуун бэртэж гэмтээд байна. 1990 оноос хойш ийм олон мянган хүнийг хамарсан жагсаал Чилид болж байгаагүй юм.