Зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр барилга Малайзын нийслэлд баригдаад байгаа юм. 440 гаруй метрийн өндөртэй энэхүү барилгын бүтээн босголтын ажил хэсэг хугацаанд гацаанд ороод байсан ч дахин эхэлж, ийнхүү удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Куала Лумпур хотод баригдаад байгаа 445 метрийн өндөртэй энэхүү барилгыг бүтээн босгох хөрөнгийг Малайзын төрийн мэдлийн сангаас гаргажээ. Гэвч тус улсын удирдлагууд Малайзын Хөгжлийн Берхад гэх сангийн мөнгийг зүй бусаар ашигласан, мөнгө угаасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэрэг гарч, шуугиан дэгдээсэн юм. Үүнээс үүдэн “Exchange 106” барилгын бүтээн босголтын ажил хэсэг хугацаанд гацаанд ороод байсан ч Малайзын засгийн газар энэ төслийн санжүүжилтын асуудлыг дахин шийдвэрлэсэн юм.
Зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байгаа “Exchange 106” анхны түрээслэгчдээ 12-р сард хүлээн авахаар болсон байна. Энэхүү барилгын ихэнх өрөө тасалгаанууд оффисын зорилгоор ашиглагдах бол зарим нэг ресторан болон дэлгүүрүүд ч мөн үйл ажиллагаа явуулах юм.
Барилгын хамгийн дээд талын давхраас Малайзын нийслэл хотыг бүхэлдээ харж болох юм. Exchange 106 барилга Куала Лумпур хотын өөр нэгэн өндөр барилга болох Петронас Цамхгаас 40 метрээр илүү өндөр юм. Петронас цамхаг 1998 оноос 2004 оны хооронд дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байсан удаатай. Нийт 106 давхар Exchange 106-г бүтээн босгох ажил 2016 онд эхэлж байжээ.