Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээний банцүкэг өнөөдөр Сүмогийн холбооноос зарлалаа. Уг чансааг урьдын адил хоёр Монгол аварга тэргүүлсэн хэвээр байна. Макүүчи зиндааны зүүн жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлж байгаа бол баруун жигүүрийн манлайд екозүна Хакүхо М.Даваажаргал бичигджээ.
Тэдний ард Гоэидо, Такаясү, Такакэйшо нарын гурван озэки барилдана. Такакэйшогийн хувьд өмнөх башёд 13-2 амжилт үзүүлснээр озэки цолоо буцаан авч байгаа бол 6-9 амжилттай гүрж хүчтэн Точиношин озэкигоос сэкивакэ рүү урууджээ. Дээд зиндаанд хоёр аваргыг оролцуулаад ердөө тавхан монгол бөх хүч үзэх нь. Тэд бол маэгаширагийн дөрөв дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, 12 дахь бөх Ичиножёо А.Ичинноров, 15 дахь бөх Дайшохо Ч.Шижирбаяр нар юм.
Харин жюүрёо зиндаанд дараах зургаан монгол хүчтэн бичигдлээ. Азүмарюү С.Тодбилэг, Чиёошома Г.Мөнхсайхан, Кирибаяма Л.Бямбачулуун, Кёкүшюүхо Я.Эрдэнэбаатар, Миторюү Б.Төрболд, С.Бямбасүрэн Хошорюү (анх удаа) нар.
Цагтаа дээд зиндаанд түрүүлж, озэки цолд хүрч явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүнд гэмтлийн улмаас жонидан (зургаан зиндааны доороосоо хоёрдахь нь) руу унаж билээ. Тэрээр бэртлээ бүрэн илааршуулсны дараа дахин барилдсаар өдгөө макүшита зиндааны 10 дээр дэвшин ирээд байгаа юм.