“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ
Хятадын харилцаа холбооны “Huawei” компани өнгөрсөн онд зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо бусад компанийг тэргүүлжээ. Энэ тухай Японы “Patent Result” судалгааны компанийн мэдээлэлд дурджээ.
Өнгөрсөн онд “Huawei” компани нийт 5405 хүсэлт гаргасан нь жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй Японы “Mitsubishi Electric” компани болон гуравдугаарт орсон Америкийн “Intel” компаниас гаргасан хүсэлтийн тооноос хоёр дахин их байжээ. Гэсэн хэдий ч эдгээрийн 21 хувь нь л өндөр шинэчлэлийн төрөлд багтаж байсан бол “Intel” компанийн хувьд энэ үзүүлэлт 33 хувьтай байжээ. Түүнчлэн Америкийн бусад технологийн компани тухайлбал “Qualcomm” компанийн гаргасан хүсэлтүүдийн 44 хувийг өндөр технологийн зохиогчийн эрх авах хүсэлт эзэлж байсан аж.
“Huawei” компани зохиогчийн эрх эзэмших хүсэлт гаргах байдлаар Хятадын бусад компаниас илүү идэвхтэй байгааг “Patent Result” судалгааны компани цохон тэмдэглэжээ. Ийм бодлогын цаана хориг арга хэмжээ үйлчилж буй энэ нөхцөлд тус компани богино хугацаанд технологийн бие даасан байдлаа олж авахыг зорьж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.