Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулийг шинэчлэн найруулжээ.
Шинэчлэн найруулсан уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ””, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заажээ. Энэ үндсэн дээр Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа аж.
Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1994 он/”, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014 он/", Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа. Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Амарзаяа, Д.Мурат нар Монгол Улсын Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, чөлөөт бүс байгуулах тухай баримт бичиг батлагдаад олон жил өнгөрсөн, энэ асуудлыг бараг 30-аад жил ярьж байгаа ч бодитой үр дүн гараагүй өнөө хүрсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудал эрчимтэй яригдаж, энэ хэрээр эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулах шаардлагатай болоод байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн тухайд дэд бүтцийн ажил хийгдээд үндсэндээ дуусаж байгаа. Одоо тээвэр ложистикийн дэд бүтцийг чөлөөт бүстэй холбох ажил хийгдэнэ. Энэ асуудалд Азийн хөгжлийн банк оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны энэ бүсэд ямар ямар үйлдвэр байх вэ гэдэг нь хууль соёрхон батлагдсаны дараа тодорхой болно. Асуудлыг аль болохоор цогц байдлаар нь авч үзэхээр хоёр тал ярилцаж байгаа гэдгийг хэлж байв.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.