Иракийн Засгийн газар олон улсаас тусламж хүсч байна. Оросын хэвлэлд бичсэнээр Сириэс гарч байгаа америк цэргүүд Иракийн баруун хэсэгт нэвтэрсний хариуд Багдад урилгагүй зочдод хууль зүйн арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэж байна.
Иракийн Ерөнхий сайд Адиль Абдул-Махди “Америк цэргүүдийг Иракт байрлахыг бид зөвшөөрөөгүй. Бид олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас энэ асуудалд оролцож үүргээ гүйцэтгэхийг хүсч байна” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер “Сирийн газар нутгаас гарч буй америк цэргүүд буцах бэлтгэлээ хангахын тулд Иракт байрлана” гэж мягмар гарагт мэдэгдээд “Иракт урт хугацаагаар байх зорилгогүй” гэж тайлбарлажээ. Гэхдээ тэрбээр ингэж хэлэхдээ, цэргээ хэр урт хугацаагаар тэнд байлгахыг хэлээгүй байна.
Вашингтон Багдадтай хийсэн тохиролцооны хүрээнд АНУ-ын таван мянган цэрэг Иракт байдаг юм.