Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгохоор зохицуулжээ.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХКК-ийн захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн менежментийн зөвлөх компанийн ажилчдын орон нутагт ажиллах орчинг бүрдүүлэх хүрээнд хотхон байгуулахаар төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглээд, энэ барилга 55-60 мкв талбайтай, ирээдүйд газрын тосны үйлдвэрийн 2800 ажилчдынх болно гэдгийг тодотголоо. Мөн дотоодоос авах боломжтой барилгын материалыг бүх бололцоогоор нь худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгийг тэмдэглээд, татварын хөнгөлөлтөөр энэ жил 2.82 тэрбум төгрөгийг чөлөөлөх тооцоолол байгааг хэллээ. Магадлангаар батлуулсан төсөвт хотхоны тохижилтын асуудлыг тусгаагүй тул, дээрх хэмнэсэн хөрөнгөөр хотхоны зам, талбай, гэрэлтүүлэг тавих, мод тарих зэрэг тохижилтын асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.
Ингээд Байнгын хорооны "Батлагдсан өдрөөс хуулийн төслийг дагаж мөрдөнө" гэснийг "2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.