Хойд Солонгосын хүн амын тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд оржээ
Хойд Солонгосын хүн амын тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд оржээ. НҮБ-ын БНАСАУ дахь Хүний эрхийн асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Томас Охеа Кинтанагийн мэдээлснээр энэ улсын 11 сая орчим иргэн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудлын хохирогч болоод байна.
Томас Охеа Кинтана энэ мягмар гарагт Нью-Йоркт хийсэн мэдэгдэлдээ хоол хүнсний асуудалд хүүхдүүд ихээр өртөж байгааг тэмдэглэжээ. Хойд Солонгост 140 мянга орчим хүүхэд хангалттай хэмжээний хоол тэжээл авч чаддаггүй бол 30 мянган хүүхэд хоол хүнсний хомсдолоос болоод амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.
Энэ бүгдэд Хойд Солонгосын дэглэмийн эдийн засаг, хөдөө аж ахуйн бодлого буруутай гэж Томас Охеа Кинтана мэдэгджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хөрсний чанар муу, байгалийн гамшиг, Пехньяны эсрэг авсан хоригийн таагүй үр дагавар зэрэг нь хоол тэжээлийн хомсдолд нөлөөлжээ.
НҮБ-ын тусгай илтгэгч энэ албанд гурван жил байх хугацаанд нөхцөл байдал сайжраагүйг тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Хойд Солонгост төрөөс хүнс, бараа бүтээгдэхүүнийг дахин хуваарилах бодлого баримталдаг нь хөдөөгийн иргэдэд таагүйгээр тусаж байна.