ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: Хараат бус мөрдөн байцаах алба гаргах хэрэгтэй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг хуулийн төслөөр малын хулгайчтай тэмцэх, оноох ялыг чангатгах талаар тусгасан байна.
Дараагаар нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Шинэ нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх шаардлага гарсныг дурдаад хүний эрхийн үндэсний тогтолцооны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, төсөв, ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлыг тодорхой болгож, Хүний эрхийн тайланг боловсруулах, хэрэглэх талаар дэлгэрэнгүй тусгасан байна. ХЭҮК-ийн гаргасан гомдол шийдвэрийг хянан шийдвэрлэх явцад мэдээлэл цуглуулах зохицуулалт хийжээ. ХЭҮК-ийн гишүүдийг ил тодоор томилдог болох заалтыг мөн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хууль батлагдсанаар хүний эрхийн зөрчлүүд хэр хэмжээгээр буурах вэ? Монгол Улсад эрүүдэн шүүх үйлдлийг механизм болж чадах уу. Гэм зэмгүй иргэдийг олон зуун хоногоор тамлаж, дарамталж, бизнесийг нь булааж авдаг аймшигтай нөхцөл бүрдэж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ иргэдээ эрүүдэн шүүж, дарамталсан.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Нэр бүхий хоёр иргэн хилс хэргээр шийтгүүлээд дөрвөн жил болж байна. Би энэ асуудлаар 3.2 жил явж байна. Одоог хүртэл энэ хүмүүс ял эдэлж байгаа. Асуудал хуулиндаа биш ээ. Ийм юм гаргахгүй байх бүх нөхцөл нь байсан. Очоод газар дээр шалгах прокурор байсан. Шүүхээр шийдвэрлэх үед алдааг засах бололцоо байсан. Бүгд нэгэн удирдлага, санаа зорилготой ийм зүйл хийсэн. Зарим нь тэр бичлэгийг бараг эвлүүлэг гэж ярилцлага өгсөн. Тагнуулын байгууллага эвлүүлэг хийсэн бол хариуцлага хүлээх ёстой. Би энэ хоёр хүнтэй хоёулантай нь ярьсан. ОУПХ-ны ирүүлсэн бичлэгтэй танилцсан. Түүнд "Эрүүдэн шүүсэн нь ил байхад одоог хүртэл хорьж байгаад гайхаж байна" гэсэн байна лээ.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:
-Эрүү шүүлт цаашдаа гайгүй болох байх. Манайх 2014 онд нэмэлт протоколд орсон. ХЭҮК-ийн дэргэд байгуулсан. Бид тэр бичлэгийг үзээд эрүү шүүлт мөн гэдгийг тогтоосон. Хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Эрүү шүүлт гэдэг ойлголт өргөн хүрээтэй. Эрүү шүүлт хэрэг бүртгэлт дээр, суманд байгаа. Булган аймгийн малчныг хоёр цагдаа зодоод хаясан байна. Энэ бол өдөр болгон гарах юм. Тийм учраас Хараат бус мөрдөн байцаах алба гаргах хэрэгтэй. Анхан шатанд л эрүү шүүж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Энэ хуулийн төслийг харахад Үндсэн хуульд нийцсэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан шинжтэй зүйл харагдахгүй байна. Өөрийгөө хамгаалсан, өмгөөлсөн зүйл ярьж байна. Өнөөдөр ХЭҮК-ийн дарга ХЗДХЯ-ыг хамгаалаад сууж байх хүн биш. Гурван доржийн хар хууль гээд байдаг шүү дээ. Хоёр Дорж нь өөрсдийгөө магтаад суугаад байх юм. ХЭҮК араа шүдтэй байх ёстой. Түүнээс бус зөвлөмж хүргүүлчихээд суухгүй. Монгол Улсын хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гээд байгаа юм уу, Парисын хууль хэрэгжүүлэх гээд байгаа юм уу. Хүнийг мөрдөн тагнах байдал хэтрээд байна. Ц.Нямдорж сайдыг шүүмжилсний талаар Энхсайхан гэдэг эмэгтэйг гэр орноор нь дарамталж байна. Ийм зүйл дээр ХЭҮК юу хийж байна вэ. Би Ц.Нямдоржоос биш Ж.Бямбадоржоос хариулт авмаар байна. Та нар яагаад О.Баасанхүү рүү дайрч, давшлаад байгаа юм. ОУПХ-ны хуралд оролцох нь Баасанхүүгийн эрх.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:
-Би Ц.Нямдорж сайдтай нэг ч минут, нэг ч цаг, нэг ч секунд уулзаагүй. Харин эрүү шүүлт мөн үү гэдгийг баталж чадна. 2012 онд тэрийг очиж шалгаж үзсэн. Подвалд хорих газар байхыг хориглодог. Тэр бичлэг дээр өрөө болгож, засаад, камер тавьсан байсан. Энэ бол зохион байгуулалттай байсныг хэн ч хараад мэднэ. Би үүнийхээ төлөө хариуцлага тооцуулахад бэлэн. Нууцын зэрэглэлтэй ирсэн учраас задлаагүй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хүний эрх гэж юу вэ. Та нийгэмд зориулаад яриад өг. Хүний эрх бол жам ёсных. Хүний эрхийг аль нэг төр, хэн нэг хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үзэмжээр зааж томъёолж өгдөггүй. Ямар ч хүн ямар ч томъёололгүй эрхээ эдлэх ёстой. Үндсэн хуульд хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сурч боловсрох, хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй. Та улс төрд байгаа тул миний үр хүүхэд төрийн албан орох, аль нэг аж ахуй эрхлэх эрхгүй гэсэн үзэгдэл яваад байна.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:
-Хүний эрх гэхээр монгол хэлээр эрх хүүхэд гэдэг ойлголт яваад байдаг. Хүний эрх гэж хүн нийгэмдээ амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хэлнэ. Амьдрах нөхцөл боломж алдагдвал хүний эрхийн зөрчил болж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сошиал ертөнцөөр хүний эрхийг зөрчдөг явдал байна. "Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана" гэдэг заалт байдаг. Сошиал ертөнцөөр хүний, тэр дундаа хүүхдийн эрхийг их зөрчиж байна. Улстөрч, төрийн алба хашдаг хүний гэр бүл, нөхөр, эхнэр, үр хүүхэд гэж үйлтэй улс байдаг юм шиг байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.