Бразил улс цагаач Япон иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлжээ
Японы эзэн хаан Нарухито хаан ширээн заларсан ёслолыг Бразилийн Сан-Паулу хотод олон мянган хүн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Бразил улс цагаач япон иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Японы эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслол болсон. Тэгвэл Токиод болсон энэ ёслол, баярын арга хэмжээг Бразилд дүрвэн очиж байсан Япончууд мөн тэдний үр хүүхдүүд тэмдэглэн өнгөрүүллээ. Бразил улсад Японоос цагаачлан очиж байсан иргэдийн хүүхэд, ач зээ зэрэг 2 сая орчим хүн байдаг юм байна.
Сан-Паулу хотын баярт Японы 47 мужийн төлөөлсөн 1000 орчим хүн оролцсон байна. Бразилжсан Япончууд баярын хүрээнд төрөл бүрийн урлагийн тоглолтыг сонирхуулсны дотор Японы уламжлалт бүжиг ч багтсан байна. Бразил улс дахь Япон өвөг эцэгтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Жожи Яамашита энэ жил Япончууд Бразил руу цагаачилж эхэлсний 111 жилийн ой тохиож байгааг онцолжээ.
Мөн тэрээр энэ төрлийн баярын үйл ажиллагаа Япон өвөг эцэгтэй Бразил иргэдийн хоорондох харилцаа холбоог улам ойртуулж, нягтаршилууна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Хамгийн анхны Япон цагаач Бразил улсад ирсэн үйл явдал 1908 онд тохиож байжээ. Хаан ширээнд суугаад удаагүй байгаа Нарухито хунтайж байх үедээ буюу 2008 онд Сан Паулу хотод зочилж байсан юм.