Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж байна
Австралийн ихэнх сонин энэ Даваа гарагийн дугаарынхаа эхний нүүрэн дэх мэдээ мэдээллээ харлуулж хэвлэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн олон нийтээс мэдээллийг нуух боломжийг засгийн газарт олгодог, хэвлэлийн эрх чөлөөнд халддаг хуулиудыг эсэргүүцэн нэгдэцгээж байгаагаа ийнхүү илэрхийлцгээсэн байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөөх энэ өргөн хүрээтэй акцад Австралийн үндэсний хэмжээний 20 сонин, хэвлэл мэдээллийн 17 байгууллага нэгджээ.
Тэд Австралийн парламентаас сүүлийн жилүүдэд баталсан Холбооны хэд хэдэн хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байгаа аж. Тодруулбал, нууцын зэрэглэлтэй, тагнуулын ажиллагаатай холбоотой гээд 75 хуулийг парламентаас баталсан нь сэтгүүл зүйг гэмт хэрэг гэж үзэхэд хүргэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн эсэргүүцэж байна. Мөн энэ хуулиудаас болж засгийн газрын баталсан шийдвэрүүдийн тухай чухал мэдээлэл дамжуулахад, эсвэл хууль бус үйл ажиллагааг нь илчлэхэд сэтгүүлчдийг шийтгэх болсныг эрс буруушааж байна.
Эсэргүүцлийн энэ ажиллагааныхаа хүрээнд Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдад хэд хэдэн шаардлага хүргүүлж байгаа юм. Юуны түрүүнд сэтгүүлч сурвалжлагчдыг дамжуулсан, нийтэлсэн мэдээлэлтэй нь холбоотойгоор цагдаагийн байгууллагаас баривчлах шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг нь давж заалдах эрх олгохыг шаардаж байгаа аж. Мөн мэргэжлийн ажлаа хийх явцад аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд сэтгүүлчдэд хариуцлага хүлээлгэхгүй байх, мэдээлэгчээ нууцлах эрх олгох, төрийн бичиг баримтуудын нууцын зэрэглэлийг тогтоох журмыг эргэн харах зэрэг шаардлага тавьж байгаа.
Харин засгийн газрын зарим төлөөлөл хэвлэлийн эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тэнцвэржүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.