Я.Содбаатар: Улс төрийн зорилгогүй, сонгуульд зориулаагүй төсөв оруулж ирсэн нь сайшаалтай
Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.
-Энэ удаагийн төсвийн онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ. Том зургаар нь харвал сайн төсөв болсон гэж дүгнэх хүмүүстэй санал нийлэх үү?
-Би хувьдаа харьцангуй сайн төсөв өргөн барьсан гэж бодож байгаа. Миний харж буйгаар энэ удаагийн төсөвт онцлууштай 4-5 зүйл байна. Нэгдүгээрт, 2016 оны сонгуулийн дараа харахад төсвийн алдагдал 18 хувьд хүрч байсан. Энэ удаагийнхыг 5.1 хувийн алдагдалтайгаар оруулж ирсэн. Хоёрдугаарт, төсвийн сахилга бат сайжирсан. Ингэснээр төсвийн нэрээр явдаг янз бүрийн хөрөнгө мөнгөний урсгалыг нэлээд цэгцэлсэн гэж ойлгож болно. Гуравдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээс хойш төсвийн алдагдалгүйгээс гадна төсвийн нэрээр ямар нэгэн бонд гаргахааргүй байна. Гадаад болон дотоодоос ч арилжааны бонд босгохгүй гэдэг нь эргээд эдийн засагт эерэг үзүүлэлт гаргах давуу талтай. Төсвийн сахилга бат ч сайжирна. Өмнө нь жилийн маш өндөр хувийн хүүтэй бондыг дотоодоос авдаг байсан. Цаашлаад гадаадаас эзэн хаадын нэртэй элдэв бонд босгодог, эргээд улс орныг их хэмжээний өрөнд оруулдаг муу талтай байсныг хэн хүнгүй мэднэ шүү дээ. Дөрөвдүгээрт, нийгмийн салбарын томоохон асуудлыг энэ удаагийн төсвийн хүрээнд шийдэж байгаа.
-Тухайлбал?
-Боловсрол, соёлын салбарт томоохон дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр оруулж ирснийг онцлох хэрэгтэй. Тэр дундаа сүүлийн 30 жилд хөндөөгүй, улс анхаарал хандуулж, төсөв тусгадаггүй байсан Байгалийн түүхийн музей болон Улсын төв номын сан, Үндэсний урлагийн их театр зэрэгт шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгасан. Үүнээс гадна сурагчдын үдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэхээс гадна хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход зарцуулах төсвийг ч тусгасан. Энэ мэтчилэн МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмэнд амлаж байсан гол амлалтууд биеллээ олохоор байгааг онцолъё. Үүний үр дүн иргэдийн амьдралд эергээр тусах нь дамжиггүй. Цаашид хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, дунд сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх чиглэлд хөрөнгө оруулалтыг тусгаж байна. УИХ-ын гишүүд жижиг 76 тойргоос сонгогддог гэдэг утгаараа төсвийн хөрөнгө оруулалтыг хэдэн тийш чангаадаг тал бий. Ингэхээс ч аргагүй. Тийм ч учраас бид энэ удаагийн төсөвт бас нэг дэвшилттэй заалтыг оруулсан.
Энэ нь “Улсын төсөв хэлэлцэх явцад зарлагын шинэ төрөл үүсгэхээр бол заавал Засгийн газртай зөвшилцөнө” гэх заалт. Ингэхгүй бол улс төрийн зорилготой, сонгуульд зориулсан төсөв зохиодог тал бий. Энэ удаагийн төсвийн нэг онцлог нь улс төрийн зорилго, тэр дундаа сонгуульд зориулаагүй гэдгийг хэлмээр байгаа юм. Эсрэгээрээ, улс орныхоо нийтлэг эрх ашигт нийцсэн, өнөөдрийн хүрсэн түвшнээ ахиулах, эдийн засгаа тогтворжуулах чиглэлд боловсруулж орж ирсэн гэж дүгнэнэ. Улстөрчийн нүдээр харахад намаа бодоогүй төсөв.
-Ирэх оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр тойргийн хөрөнгө оруулалтын хуваарилалт шог байна гэх шүүмжлэл багагүй өрнөсөн. Сонгуулийн жилийн төсөв учраас энэ мэт шүүмжлэл өрнөөд байх шиг?
-Намрын чуулганаар хэлэлцдэг үндсэн гол асуудал нь улсын төсөв. Энэ удаагийн төсөв онцлогтой. Өөрөөр хэлбэл, 2016-2020 оны дөрвөн жилийн циклийн сүүлчийн төсөв. Энэ утгаараа ард түмний итгэлийг авч олонхыг бүрдүүлсэн МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрийн биелэлттэй уялдсан төсөв гэж ойлгож болно. Түүнчлэн намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулсан ч гэж харж болох юм. Тойргийн хөрөнгө оруулалтын хуваарилалттай холбоотой элдэв шүүмжлэл жил бүр л гардаг. Энэ жилийн хувьд шүүмжлэлд өртөөд буй 2-3 тойрог онцлогтой л доо. Тиймээс бодлогоор эсвэл санаатайгаар аль нэг тойрогт илүү хөрөнгө хуваарилсан гэж ойлгож болохгүй. Үүнд ялгаатай тал их бий. Тухайлбал, Увс аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд концессоор барьсан автозамын бүтээн байгуулалтын хөрөнгийг төсөвлөсөн байгаа юм. Энэ замыг аль хэдийнэ барьж байгуулаад ашиглалтад оруулчихсан, төсвийг нь гүйцэд олгоогүй байсныг оруулаад ирэхээр нийт дүн нь өндөр харагдаад байгаа байх. Ямартай ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан төсвийн ажпын хэсгийн хуралдаан өнөөдөр /өчигдөр/ болно. Түүгээр тойрог бүрийн нарийвчилсан мэдээллийг дахиж хянана. Ер нь улсын төсөв нэгдмэл байх ёстой. Тэр утгаараа энэ тойргийнх илүү, энэ нь бага гэх мэтээр ярих нь утгагүй. Төсвийн мөн чанарын хувьд ч УИХ-ын гишүүд бүх ард түмнийг төлөөлдөг гэдэг утгаар нь ч ингэж авч үзэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдийн төсөвт хувь хүний мөрийн хөтөлбөр гэж байхгүй болсон. Намын мөрийн хөтөлбөр, түүнээс улбаалсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр л гэж бий. Төсвийн хуваарилалтыг ч ийм зарчмаар хийж байгаа. Эцсийн дүндээ улсын төсөв гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө. Энэ утгаараа төсвийн хөрөнгөөр ард иргэдэд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд л хуваарилдаг. Салбар бүрийн яам төсөвт саналаа өгдөг. Үүний дагуу Засгийн газар төсвөө зангидсанаар УИХ-д өргөж барьж баталдаг. Нэг ёсондоо төсвийн хуваарилалтыг тойрогт буюу ард иргэдэд шаардлагатай ажил, үйлчилгээнд зарцуулдаг болохоос хувь гишүүд аваад идчихдэг зүйл огт биш. Ямар ч оролцоо байхгүй гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй.
-Төсвийн хуваарилалтыг тал бүр тийш чангаадаг атлаа гүйцэтгэл хангалтгүй дүнтэй гардаг. Үүний цаад шалтгааныг та хэрхэн дүгнэх вэ?
-Тойргоосоо хамаарч байгаа болов уу. Тухайлбал, манай тойрогт өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл 98 хувьтай гарсан. 1-2 байшин дутуу байгаа ч дийлэнх нь хугацаандаа, бүр зарим нь хугацаанаасаа өмнө нь ашиглалтад орсон. Мэдээж гүйцэтгэл хангалтгүй байгаа нь тухайн тойрогт ажил гүйцэтгэж буй хүмүүсийн хариуцлагатай л холбоотой.
-Хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирснийг юу гэж ойлгох вэ. Энэ алдагдлыг хаанаас, хэрхэн нөхөхөөр тооцоолсон бэ?
-Дээр хэлсэнчлэн 2016 онд төсвийн алдагдал 18 хувьд хүрч байсан. Энэ бол маш өндөр тоо. Үүнийг бид багасгаж чадсан. Өнгөрсөн жил ч төсөв зохиохдоо алдагдалтай оруулж ирсэн. Харин гүйцэтгэлээрээ төсвийн тэнцэл нэмэхтэй гарсан.
-Өнгөрсөн жилийн төсвийг хэт өөдрөгөөр төсөөллөө гэх шүүмжлэл өрнөж байсан бол энэ жил эсрэгээрээ байх шиг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш зэргийг багаар тооцох шаардлага байсан уу?
-Эрдэс баялгийн-үнэ ханш зэргээс харахад энэ жилийн төсвийг өөдрөг бишээр төсөөлж, оруулж ирсэн. Үүнийг олон эрсдэл үүснэ гэж тооцоолсонтой холбож ойлгох хэрэгтэй болов уу. Тййм ч учраас байж болох муу хувилбараар төсвийг өргөн барьсан байх. Ер нь төсвөө хэт өөдрөгөөр өргөн барьж баталчихаад жилдээ 2-3 удаа тодотгол хийгээд явдаг муу жишиг байсан. Гэтэл энэ нь төсвийн сахилга батыг сулруулах, баялаг бүтээгчдийн мөнгийг үрэн таран хийх үндэс болдог байсан нь үнэн. Өнөөдөр ийм байдлыг үгүй болгосон. Төсвийн сахилга батыг сайжруулж, бодитоор төсөөлдөг брлсон. Үүнийг дагаад төсөвт тодотгол хийхээ больж, сахилга бат сайжирсан. Тиймээс эцсийн гүйцэтгэлээр хоёр их наядын алдагдал буурч орж ирэх болов уу гэж харж байгаа.
-Монгол Улс “Саарал жагсаалт”-д багтсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү. Энэ жагсаалтад орох хамгийн том шалтгаан нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан явдал гэж олон хүн дүгнээд байна. Эргээд хариуцлагыг хэнтэй ярих ёстой юм бэ?
-ФАТФ буюу мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас манай улсыг хоёр ч удаа эрчимтэй хяналтад оруулж байна. Эхнийх нь 2008- 2009 онд баталсан Өршөөлийн хуультай холбоотой байсан. Энэ хуулийг баталснаар эх үүсвэр нь тодорхойгүй байсан мөнгөнүүдээ Өршөөлийн хуулиар дамжуулж хаацайллаа гэж үзээд манай улсыг 2011 оноос эхлээд эрчимтэй хяналтад оруулж байгаад 2013 онд “Саарал жагсаалт”-д оруулж байсан ч 2014 онд гарч чадсан. Гэтэл 2015 онд дахиад Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу эдийн засгийн өршөөлийн хуулийг баталчихсан. Ингэснээр ФАТФ-аас 2016-2017 онд манай улсад эрчимтэй хяналт тавьж, эдийн засагт үнэлгээ хийж эхэлсэн байдаг. Энэ цаг үеэс “Саарал жагсаалт”-д орж магадгүй байна шүү гэх сануулгыг өгч, хянаж эхэлсэн юм шүү дээ. Үүний хүрээнд манай улсад техникийн 40 нөхцөл, үйл ажиллагааны 11 зүйлийг хэрэгжүүлэхээр тохирсон. Эдгээрийн үнэлгээг 2017 онд хийхэд маш тааруу гарсан. 40 зөвлөмжийн биелэлт 20 хувьтай, 11 хэрэгжилтийнх нь үр дүн хоёрхон хувьтай гарсан байдаг. Ингээд манай улс дахин ажиллаж эхэлсэн үг. Ингэснээр энэ оны наймдугаар сард үнэлгээ хийгээд 40 зөвлөмжийн 35 нь биелэлттэй, 11 хэрэгжилтийн долоог биелүүлсэн, дөрөв нь хоцрогдолтой гэх дүгнэлтийг гаргасан. Эцэст нь дөрвөн чиглэлээр зөвлөмж өгснөөр Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулж байгаагаа ФАТФ-аас зарлалаа.
-“Саарал жагсаалт”-д орсон нь эдийн засагт харин ч эерэг нөлөөтэй гэх юм. Сайн талтай байх боломжтой юу?
-ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон нь Монголын эдийн засагт сайн зүйл биш. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулалт, нэр хүнд, зээлжих зэрэглэл гээд олон зүйлийг энд ярьж болно. Хамгийн гол нь ийм нөхцөлд хүрсний цаад учир шалтгаан нь юу юм бэ гэдгийг харах хэрэгтэй болов уу. Ингээд үзэхээр үнэхээр л таны хэлсэнчлэн 2012-2016 онд АН засгийн эрх барьж байх үетэй холбоотой болчихоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тэд засгийн эрх барьж байхдаа төсвийн сахилга батыг алдагдуулж үрэлгэн зарцуулдаг байсан. Маш их өр, зээл тавьсан. Төсөв мөнгөтэй холбоотой зарцуулалтыг буруу хийсэн. Үүнийгээ эргээд Өршөөлийн хууль гаргаж цайруулсан явдал нь “Саарал жагсаалт”-д ороход яалт ч үгүй том нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу өршөөлийн хуулийг АН батлан гаргасан шүү дээ.
Үүний гор нь дотоодод төдийгүй олон улсын түвшинд гарч ирж буйн нэг илрэл нь “Саарал жагсаалт” боллоо. Нэг ёсондоо өнгөрсөн хугацааны зовлонгоо бид одоо ч амсаад явж байгаа нь энэ. Ингэлээ гээд эргээд АН-ынхан руу, энэ хуулийг санаачлан батлуулсан хүмүүс рүү дайрахаас илүүтэй урагшаа харах нь чухал байна.
Бидэнд ямар шаардлага тавьсан, түүнийхээ дагуу хийх ёстой ажлаа хийгээд явах хэрэгтэй. Ер нь “Саарал жагсаалт”-аас гарахын тулд УИХ болон Засгийн газраас нөлөөлөх зүйл харьцангуй бага. Засгийн газрын зүгээс хийх ёстойгоо хангалттай түвшинд хийсэн.
-Тэгэхээр цаашид “Саарал жагсаалт”-аас гарахын тулд хэн, аль байгууллага түлхүү ажиллах ёстой юм бэ?
-Гол ажил хууль хүчнийхэнд хамаатай болчихоод байгаа юм. Бүр тодруулбал, мөнгө угаахтай холбоотойгоор гарсан хэргүүдийг үнэн мөнөөр шийдэх хэрэгтэй. Ер нь манай Монголбанк, СЗХ-ны зүгээс мөнгө угаах болон бусад санхүүгийн луйвартай холбоотой зүйл гаргахгүй байх чиглэлд нь анхаарч ажиллаач гэж бидэнд зөвлөмж өгөөд байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд анхаараад ажиллачихвал танайх “Саарал жагсаалт”-аас гарах бүрэн боломжтой байна гэж хэлээд байгаа юм. Хууль бус мөнгө танай улсад ороод ирлээ гэхэд илрүүлж гаргаж ирэх эрсдэлд суурилсан хяналтын системээ бий болгооч гэдэг тухайд л зөвлөмжөө өгсөөр байгаа гэдгийг мартаж болохгүй. Нөгөө талаас мөнгө угаахтай холбоотой томоохон хэргүүдээ шүүхээр шийдээч, шүүхээр эцэслэн тасалсан нэг ч хэрэг алга л гээд байгаа шүү дээ. Энэ чиглэлд Монголыг хариуцлагатай болгох тухайд өгч буй шар карт шүү дээ. Тийм учраас энэ бүхэнд анхаарал хандуулаад үр дүн гаргаад, хариуцлагаа өндөрсгөөд эхэлбэл Монголын эдийн засагт ахиц гарах сайн талтай. Мэдээж шаардлагатай ажлуудаа цаг тухайд нь хийчихвэл богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах бүрэн боломжтой.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин