Гэрийнхээ аль хэсэгт бурхнаа байрлуулах нь зохистой вэ
Монгол гэрт хаалганы эсрэг талыг гэрийн хоймор гэж үздэг бол орчин цагт орон сууцанд аль хэсэг нь гэрийн хоймор болох нь үл мэдэгддэг болсон. Тэгвэл зочны өрөөндөө бурхнаа залах нь хамгийн зөв байршил юм. Зочны өрөөнийхөө голд зогсож байгаад бурхан залах зүгээ тодорхойлно гэсэн үг. Унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бурхан залж болохгүй. Хэрэв зөв зүгээ гаргаж чадахгүй бол гэрийн эзэн “Сэнгэм” бурхны тарнийг 21 удаа уншиж хоёр хурууныхаа завсраар тарниа үлээгээд бурхнаа залах хамгийн эрхэм зүгээ өөрөө тодорхойлж болно.
Мөн бурхдыг гүнгэрваад заавал зална. Зул, хөвөн, бурхны эд зүйлс, эрхи зэргээс бусад зүйлс байж болохгүй. Лагшингийн шүтээн, зарлигийн шүтээн, тааллын шүтээн энэ гурав цогцоороо байж бурхны шүтээний хэсэг бий болно. Ганц бурхан, ганц судар, ганц суварга байж болохгүй. Лагшингийн шүтээн гэдэгт бурхдууд, зарлигийн шүтээнд бурхны амаар айлдсан номлол,судар, тааллын шүтээнд суварга багтдаг. Эдгээр цөм бүрдэж байж бурхны шүтээн бүрдэнэ гэсэн үг юм.
Хаа хамаагүй хүнээс бурхан худалдан авч гэртээ залах нь хэр тохиромжтой вэ
“Бурхан гэдэг зүйл өөрөө зураг төдий зүйл биш юм. Бурхан урлана гэдэг нь бурхны сургаал номлолыг дүрсэнд буулгахыг хэлж байгаа юм. Яагаад гэвэл бурхан зураг гэдэг дүрсэнд ургасан номлол учраас хүн шүтээд гэгээрэлд хүрэх замыг заадаг маш нарийн номтойгоо уялдсан. Бурхан зургийг ном мэт уншиж болно.
Хэрвээ бурхан урлуулах гэж байгаа бол мэргэжлийн бурхан урлаач хүн дээр сайн өдөр, сайн цаг харж байгаад хандах ёсон бий. Үүнтэй адил бурхан урлаач хүнд ч гэсэн бурхны тиг татаж эхлэх, болон будаг татах өдөр, мэлмий нээх өдөр энэ бүхэн тусгай өдрүүдтэй. Буруу өдөр эхэлбэл хэзээ ч урлаж дуусдаггүй. Мөн бурхан урлаач хүн тухайн урлах гэж байгаа бурханыхаа номлол сургаалийг нь маш сайн мэддэг байхаас гадна авшиг лүн ванг нь авсан хүн байх ёстой.
СУИС-ийн монгол зургийн ангийг төгссөн оюутнууд, бурхны лүн ван аваагүй хүмүүс бурхан урладаг. Ингэж ван аваагүй байж бурхан хамаагүй урлаж ерөөсөө болохгүй” гэж бурхан урлаач Д.Ухаанзаяа зөвлөлөө.