Ц.Нямдорж: Ер нь ярьсан, зохих шийдвэр гарсан, жич мэдэгдэнэ гээд хэлчих
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
…УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Тэгэхээр Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураачихъя, тэгэх үү. За гараа өргөцгөөчих. Бүлгийн 100 хувийн саналаар Батзоригийг үлдээхээр боллоо. “…Түдгэлзүүлэхгүй” гэдэг санал хураагдлаа. Тэгээд ингэе. Одоо хэвлэлийнхэн орж ирээд, хэвлэлийн хурал хийнэ. Тэгэхээр би Раднаасэд гишүүнийг надтай байж байгаад хуулийнхаа юмыг тайлбарлаач. Би хууль талаас нь үнэндээ тайлбарлаж чадахгүй.
Хууль талаас нь зөв тайлбарлах хүн хэрэгтэй байна шүү. Тэгээд Раднаасэд гишүүний ярьсан хэвлэлийн тайлбарыг хараад, бид нар яг тийм маягаар ярьж баймаар байна. Та нар үүнийг сонсчих. Дараа нь гараад буруу зөрүү юм яриад байвал хэцүү шүү” гэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Санал хураасан, ингэж шийдсэн гээд мэдээллээд эхэлбэл чинь Халдашгүй хороо гээд УИХ-ын асуудал болоод явчихна шүү.
Асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргасан гээд, тэгээд Халдашгүй хороо нь хуралдаад, тэгээд цаашаа явмаар байх юм. Тийм биз. Тэгэхгүй бол УИХ чинь, Халдашгүй хороо чинь зовлонтой байдалд орно шүү. Ер нь ярьсан, зохих шийдвэр гарсан, жич мэдэгдэнэ гэдэг ч юм уу, яадаг ч юм, тэгээд хэлчих” гэж зөвлөжээ. Ингэхэд нь Д.Хаянхярваа “Халдашгүй байдал, хууль зүй хуралдана. Маргааш 11:00 цагаас өмнө шийднэ шүү” гээд энэхүү хуралдаан дууссан байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооын дарга Ш.Раднаасэд нар 18:30 цагийн үед мэдээлэл хийлээ.
“…Батзориг гишүүн прокурорын шалгах үйл ажиллагаанд саад болохгүй, дуудсан цагт нь очиж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжтой учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж Ш.Раднаасэд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…ЖДҮХС-гаас зээл авсан бусад гишүүдийн хувьд энэ онд зээлээ төлөөд, ард түмнээс хариуцлага хүлээх ёстой гэдэг үүргийг Ерөнхий сайд өгсөн. Хуулийн дагуу авсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин