АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг өнгөрөгч долоо хоногийн сүүлд анхны эмэгтэй багаа задгай сансарт гаргалаа. Сансрын нисгэгч Кристина Коук, Жессика Меир нар анх удаа эрэгтэй бүрэлдэхүүнгүйгээр задгай сансарт гарч Олон улсын сансрын станц дахь зай хураагуурыг сольсон юм.
Тэд доголдол гарсан зай хураагуурыг солих ажиллагаагаа 7 цаг гаруй хугацаанд гүйцэтгэжээ. Энэ хооронд нисгэгчдийн дуулганд суурилуулсан камер үйл явдлыг шууд дамжуулснаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэдэнтэй мэндчилж, бахархаж байгаагаа хэлсэн байна.
Хатагтай Кристина Коукийн хувьд энэ удаа 4 дэх аялалдаа гараад байна. Олон улсын сансрын станцад энэ оны 3 сард очсоноосоо хойш тэрбээр ирэх хоёрдугаар сар хүртэл нийт 328 хоног байх бөгөөд үүгээрээ хамгийн урт хугацаагаар сансарт байсан эмэгтэй болох юм байна.
Эрэгтэйчүүдээс Америкийн сансрын нисгэгч СкоттКелли 340 өдөр сансарт нисч дээд амжилт тогтоож байжээ.
Харин хатагтай Жессика Меир есдүгээр сарын 25-нд Олон улсын сансрын станцад хүрч, нийт 6 сар сансрын станцад байх юм. Тэрбээр энэ ажиллагаагаар задгай сансарт анх удаа гарч, задгай сансарт гарсан 15 дахь эмэгтэй буюу 228 дахь нисгэгч болж байна.
Түүнээс өмнө 14 эмэгтэй, 213 эрэгтэй задгай сансарт гарснаас 1984 онд Оросын сансрын нисгэгч Светлана Савицкая станцаас гарч үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй болсон байна. Харин энэ удаа Кристина Коук, Жессика Меир нар багийн эрэгтэй гишүүнгүйгээр задгай сансарт гарснаараа дэлхийн хамгийн анхны эмэгтэй баг болж байгаа юм.
АНУ-ын Сансар судлалын агентлаг энэ ажиллагаагаа анх өнгөрөгч хавар хийхээр төлөвлөсөн ч, сансрын нисгэгч бүсгүйчүүдэд таарах дундаж хэмжээтэй сансрын өмсгөл байгаагүй байна.