1. “Чиний насан дээр би ийм байгаагүй“
Төрсөн цагаас 6 нас хүртэл нь хүүхдүүдийн хувьд эцэг эх бол элбэрэлт бурхан нь юм. Хүүхдүүд ийм насан дээрээ эцэг эхээ бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг, өөрийг нь асран хамгаалах хамгийн чухал хүн-Бурхан мэтээр хүлээж авдаг. Үнэндээ ч аав ээж үр хүүхдээ дэлхий ертөнцтэй танилцуулж, нүдийг нь нээж, амьдралд залан оруулдаг онцгой үүрэгтэй хүмүүс. Үр хүүхэд ирээдүйд хэн болох нь эцэг эхийн зааж сургаж, хүмүүжүүлж, ямар үлгэр дууриал үзүүлснээс шалтгаалдаг.
Эцэг эхчүүд хүүхдээ мундаг хүн болгохын тулд өрсөлдүүлэх, хор шарыг нь малтах зэрэг арга хэрэглэдэг нь нууц биш. “Би чиний насан дээр тун ч мундаг хүүхэд байсан даа. За за, чи намайг хэзээ ч гүйцэхгүй юм байна л даа. Чиний энэ хийснийг би мянга дахин илүү хийдэг байлаа” гэх мэт. Иймэрхүү үг байнга сонсож өссөн хүүхдүүд насан туршдаа эцэг эхдээ амжилттай сайн яваагаа үзүүлэх гэж өөрийгөө зогсоо зайгүй шахаж, өөрөөр хэлбэл завсарлаггүй “зовж” амьдрах болдог.
Ийм байдлаар өсгөхөд мэдээж зарим хүүхдийг амжилтанд хүрэхэд нь нөлөөлж болох ч энэ нь өөрсдийнхөө ирээдүйн төлөө хийж буй үйлддэл биш, зөвхөн эцэг эхийгээ баярлуулах, тэдний сэтгэлд нийцүүлэхийн төлөө л хийж буй үйлдэл болон хувирдаг. Ийм хүүхдүүд өсөж том болохдоо өөрсдийн хүрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байж чаддаггүй бөгөөд түүний хүрсэн амжилт өөрийнх нь биш эцэг эхийнх нь хүсэл байсан гэдгийг ойлгох тусмаа гутардаг.
2. “Миний бяцхан зулзага, бяцхан тоорой, жижигхэн ангаахай, улаанаа, бондгор, бандаалай“
Эцэг эх өхөөрдөж байгаа боловч ингэж үр хүүхдээ нэрлэснээр тэднийг хүн биш, амьтан, ямар нэгэн тоглоом, юмтай зүйрлэн доромжилж, “доош нь хийж” байгаагаа мэдэх ёстой. Ингэснээр эцэг эх тэр “амьтан”, юмыг яаж ч болох эрхтэй гэж батлаж байгаа юм. Хүүхэд хүн болон төлөвших явцдаа эцэг эхийн хийж буй үйлдэл, хэлсэн үгийг яг цав хүлээн авч өөртөө тусгаж байдаг. Хараал, заваан бохир үг хэлсэн ч тэдний сэтгэл хүлээн авч л байдаг.
Яагаад гэвэл нялх балчир үедээ хүүхдийн сэтгэхүй юуг хүлээж авч, юуг хүлээж авахгүй, юу буруу, юу зөвийн ялгаж салгах чадваргүй байдаг. Иймд энэ үед нь эцэг эх нь яаж хүмүүжүүлнэ, ямар үлгэр дууриал үзүүлнэ тийм л хүн болон төлөвшинө. Иймд хүүхдээ янз бүрийн амьтнаар дуудахгүй байх, өгсөн өөрийн бүтэн нэрээр нь дуудаж, хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй.
Өхөөрдөж дуудмаар байгаа бол нэрийг нь илүү сонсголонтой, баясгалантай болгож товчлон дуудаж болдог. Мөн хүүхдийн төрсөн, нялх үеийн шинж тэмдгээр нь улаанаа, бүдүүнээ, бүдка, үрчээхэй, ландаг, андаг, дэлдээхэй, онин бууз гэх мэтээр дуудаж болохгүй. Том болоод энэ нэрнээсээ ичих, доромжлол мэт хүлээн авах зэргээр хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг.
Хүүхдийн нэр гэдэг тэр хүнийг дэлхий ертөнцөд төлөөлөх нэрийн хуудас болох тул тун хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Иймд жинхэнэ нэрээр нь багаас нь дуудаж, нэрэндээ хайртай хүндэтгэлтэй хандуулж сургах нь чухал.
3. “Тэдний хүүхэд шалгалтан дээрээ чамаас дээр оноо авсан байна ш дээ”
Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулж, “хурцлах” гэдэг аргыг олон эцэг эхчүүд хэрэглэдэг. Энэ нь хүүхдэд урам зориг өгөхгүй харин ч урмыг нь хугалдаг. Яагаад гэвэл танай хүүхэд шалгалтаа сайн өгөх гэж чадлаараа мэрийсэн. Үүнийг нь та хүлээн зөвшөөрсөнгүй, авсан оноо нь таалагдсангүй, харин ангийнх нь хүүхдийн оноо таалагдаж байна. “Та хоёр адилхан л нэг ангид сурдаг. Гэтэл танай ширээний хүүхэд онц сурч байхад чи яагаад адилхан сурч болдоггүй билээ?” Хүүхэд чадлаараа хичээсэн ч эцэн эхдээ таалагдсангүй, сэтгэлд нь нийцтэй сурч чадсангүй. Энэ гомдлоо тэр харин тээгээд л хүүхэд насаа орхино.
Өөртэй нь харьцуулж байсан тэр онц сурлагатан, эсвэл сахилгагүйтдэггүй томоотой хүүг насан туршдаа үзэн ядна. Яагаад гэвэл өөрөөс нь илүү тэд л эцэг эхийнх нь хайрыг татаж байсан мэт сэтгэгдэл насан туршид нь гомдол болон үлддэг. Зөвхөн ангийн хүүхэд найз гэлтгүй, ямар ч хүүхэд ах эгч, дүү нартайгаа ч өөрийг нь харьцуулахад дургүй байдаг. Учир нь хүн бүрийн чадамж өөр өөр шүү дээ. Ингэж өссөн хүүхэд яг ийм байдлаар үр хүүхэддээ ханддаг. Танд сайхан байна гэж үү. Үүнийг эрүүл хандлага гэж огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй.
4. “Чамайг ингээд байвал би чамд хайргүй болно шүү“
Үүнтэй адил бас нэг үг нь “чамайг ийм байвал ээж нь дандаа хайртай байна шүү”. Энэ бол маш аюултай үг. Хүүхдийг бүх зүйлийг зөв, аав ээжийн таалалд нийцүүлэн хийхийг тулган шаардаж буй арга. Хүүхдийн өөрийнхөөрөө ямар нэг зүйлийг хийж үзэх, алдах эрхийг боомилж байгаа зүйл. Ийм тохиолдолд зөвхөн эцэг эхийн хэлсэн зөвшөөрснийг л үг дуугүй дагах болно. Ингэж хүмүүжсэн хүүхэд маш аймхай болдог.
Алдаа гаргахаас айна, буруу зүйл хийхээс айна. Хүний заавраар л аливаа зүйлийг хийнэ үү гэхээс өөрийн толгойгоор бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй. Ингэж өссөн хүүхдэд хүүхэд нас байхгүйтэй адил. Яагаад гэвэл хүүхдэд энэ ертөнц тэр чигээрээ шинэ учраас өөрөө өөртөө шинэ зүйлс нээх бололцоог эцэг эх нь хаасан. Иймд ийм төрлийн хүүхэд хэзээ ч шийдвэр гаргагч түвшний хүн болохгүй, дандаа хоёрдугаар эгнээний хүн болон өсдөг буюу бусдын зааж, зөвлөснийг л хийдэг хүн болон төлөвшдөг.
5. “Намайг ичээх зүйл битгий хийгээрэй дээ, Би чамаас ичээд байх юм“
“Би чамаас ичиж байна”. Энэ үгийг сонсож өссөн хүүхдүүд бол үнэндээ хамгийн өрөвдөлтэй. Хүүхэд алдаа гаргасан байлаа ч энэ үгийг хэлж болохгүй. Яагаад гэвэл алдаа гаргадаггүй хүн гэж энэ хорвоод байхгүй. Харин үүний оронд “ийм юм байдаг л юм. Дараа хичээгээрэй” гэвэл хүүхэд эерэгээр хүлээж авдаг. Харин алдаа хийж болохгүй, эцэг эхээ ичээж болохгүй гэдэг хүлээсэнд орсон хүүхэд баригдмал, чөлөөтэй сэтгэж чаддаггүй, аялдан дагалдагч болдог. Хэзээ ч лидер болж чадахгүй.
Мундаг сайн байлаа ч өөртөө итгэхгүй. Ийм хүүхдүүд дандаа ямар нэгэн зүйлээс зугтаж, зайлсхийж амьдарна, эсвэл сэтгэл зүйн асар их дарамтанд ордог. Ийм хүүхдүүд эцэг эх нь насан туршдаа түүнээс ичиж амьдарна гэдэг бодол сэтгэлд нь гүн шингэсэн байдаг тул сайхан ирээдүй төсөөлж чаддаггүй. Хүсэж мөрөөдөж ч чаддаггүй. Насан туршдаа эцэг эхдээ гомдож, туниж явна. Иймд үр хүүхдээ гомдоож, сэтгэлд нь гомдол төрүүлэхийг хүсэхгүй л байгаа бол эдгээр үгсийг бүү хэлээрэй.
6. “Чи ч аавыгаа/ээжийгээ дуурайжээ. Аав/ээж чинь яг ингэдэг байсан”
Хичнээн уурлаж хэлсэн байлаа ч энэ үг таныг гэрлэлтэндээ, эхнэр/нөхөртөө сэтгэл дунуур байдгийг илэрхийлнэ. Хэн нэгнээсээ өшөө авахдаа хүүхдээ зэвсэг болгон хэрэглэж, нэгэн рүүгээ дайрч буй зохисгүй үзэгдэл. Бие биентэйгээ нээлттэй ярилцаж ойлголцож чаддаггүй эцэг эх хүүхдэдээ хэлж буй мэтээр дайруулан нэгнийгээ “хүмүүжүүлэх” гэж оролдож буй ичгэвтэр үйлдэл.
Энэ нь эцэг эхээ хүндэх сэтгэлийг үгүй хийж, би ч эцгийгээ/эхийгээ дуурайсан олиггүй хүн гэсэн ангилалд өөрийгөө аваачих эхлэл болно. Жишээ нь, “Чи ч эцгийгээ дуурайсан зөрүүд зантай хүүхэд юмаа” гэж хэлбэл хүүхэд зөрүүд байхаа болъё гэж бодохын оронд “Миний аав зөрүүд муу хүн юм байна. Би аав шигээ хүн болохгүй” гэж боддог байна. Гэсэн ч энэ үг сэтгэлд нь гүн шингэснээр би угаасаа аав шигээ зөрүүд хүн гэх бодол төлөвшиж, зөрүүдэлж эхлэх замыг тавьдаг байна.
7. “Чи хоолоо сайн идэхгүй бол сул дорой, өвчинд ээрэгдсэн амьтан болно доо”
Энэ үг орчин үед огт авцалдахгүй үг болсон. Саяхныг хүртэл бидний өвөө эмээ, ээж аав хүртэл багадаа өлсч цангаж өссөн тухайгаа улиг болтол ярьдаг байсан шүү дээ. Гэтэл одоо бол өөр. Жаахан дээхэн үед бол “хоолоо идэхгүй бол мангас ирнэ шүү, хоолоо идэхгүй хүүхдийг чөтгөр ирээд аваад явчихдаг юм” гэх зэргээр айлгаж, нялх балчир хүүхэд шөнөжингөө чөтгөрөөс зугтаж зүүдлэх нь энүүхэнд байж. Харин одоо тэр цаг өнгөрсөн гэдгийг эцэг эх сайн ойлгох хэрэгтэй. Ийм үг хэлж буй нь хоол идүүлэх хөшүүрэг бус харин заналхийлэл, айлган сүрдүүлэлт болно.
Хүүхэд өлссөн үедээ хүссэн хүсээгүй хоолоо иддэг. Хүсээгүй байхад нь элдэв зүйл идэхийг шаардаж, айлган сүрдүүлэх, шахах замаар хоол хүнс идүүлэх нть төрөл бүрийн өвчний эх үүсвэр, таргалалтын шалтгаан болж байна. Үүнээс ч илүү хортой үр дагавар үүсгэж болно. Хүүхэд аливаа нэг хоолны амтыг мэдэрч таашааж идэх биш, юу ч олдсон бүгдийг иддэг, зогсоо зайгүй иддэг, нэг ёсондоо хогийн сав болох эхлэл болдог. Иймд хүсээгүй байхад хүүхдийг хоол идэхийг шахаж, элдэв үгээр айлгахыг болих хэрэгтэй.
8. “Үгэнд орохгүй бол өөр айлд өргүүлчихнэ шүү, ээж нь үхээд алга болчихно шүү”
Ийм үг сонсож өссөн хүүхдүүд эцэг эхийнхээ үгэнд орж байвал л би эцэг эхдээ үнэлэгдэх юм байна, бусдаар үгүй юм байна гэж ойлгож өсдөг. Ингэж хэлэх нь “чи бидний үгээр л явах ёстой, бидний үгэнд орохгүй бол чи хэн ч биш” гэж хэлсэнтэй агаар нэг. Ийм байдлаар өссөн хүүхдүүд өөртөө итгэлгүй, бусдын үгэнд оромтхой, бие дааж шийдвэр гаргах чадваргүй, өөрөөрөө амьдрах итгэлгүй, хэн нэгний амыг харсан хүн болж өсдөг. Өсч том болсон ч аав ээжийгээ юу гэж хэлэх бол, би ингэчихвэл буруудах болов уу яах бол гэж байнга санаа зовсон, аз жаргалгүй нэгэн болж өсдөг.
Ийм үг хэлдэг эцэг эхчүүдэд зөвхөн өөрсдийнх нь хүүхдээсээ юу хүсч байгаа нь чухал болохоос хүүхэд өөрөө юу хүсч мөрөөдөж байгаа нь чухал биш. Ингэж хүүхдүүдээ “гартаа оруулсан”-аар эцэг эх хүүхдээ шийтгэх, эсвэл магтаж сайшаах эрх нь бидэнд байнаа гэж өөрсдийнхөө хэмжээлшгүй эрх мэдлийг хүүхдэдээ тунхаглан зарладаг. Ийм эцэг эхээ хүүхэд өөрийг халамжлан хайрладаг эцэг эх гэхээсээ илүү захирдаг босс, шийтгэл оногдуулдаг дарга гэж хүлээж авдаг. Иймд буруу зүйл хийж шийтгүүлэхээс айж, байнгын дарамт айдастай өсдөг. Энэ айдас дарамт насан туршдаа дагадаг.
9. “Чамайг харахыг хүсэхгүй байна, сонсохыг хүсэхгүй байна, надаас хол бай”
Энэ үг шууд “чи миний амьдралд гай болсон, би чамайг эхнээсээ хүсээгүй, ерөөсөө чи миний амьдрал байх ёсгүй байсан, чи бол хүсээгүй хүүхэд юм” гэж хүүхдийн тархинд буудаг. Иймд хүүхэд ээж аавынхаа амьдралд ирснээ насан туршдаа өөрийгөө буруутгаж, тэднээс дөлж, эмээж амьдардаг. Мөн аав ээжийнх нь аз жаргалгүй амьдралд тэр өөрөө буруутай мэтээр сэтгэж, гэмшиж амьдардаг.