Их Британийн Ерөнхий сайд Брекситийн гэрээг хойшлуулах хүсэлт гаргалаа
Их Британийн Ерөнхий сайд Брекситийн гэрээ хойшлуулах хүсэлт гаргалаа. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбоотой Брекситийн талаар шинэ гэрээ байгуулж, гэрээг Брюссель баталсан. Гэвч парламентын доод танхим нь энэ гэрээг хэлэлцээд Брекситийг хойшлуулах шийдвэр гаргаад байна.
Бямба гарагт болсон энэ санал хураалтын дараа Борис Жонсон Британийн парламентаас гаргасан захидлыг Европын холбооны удирдлагуудад илгээн, Брекситийг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Гэхдээ тэрбээр захидалд гарын үсэг зуралгүйгээр илгээснээс гадна Брекситийг хойшлуулах нь ямар хохирол дагуулах талаар тайлбарлан гарын үсэг зурсан өөр нэг захидал хамт явуулжээ.
Мөн Борис Жонсоны Засгийн газар төлөөлөгчдийн танхимд болсон бүтэлгүйтлийг үл харгалзан Брекситийн гэрээгээ батлуулах оролдлого хийнэ гэдгээ мэдэгдэж байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Парламентын гишүүд ирэх долоо хоногт Брекситийн гэрээг хэрэгжүүлэх нэг гэрээг батална гэдэгт итгэлтэй байна. Заасан хугацаанд Брексит болох болно” хэмээн ярьжээ.
Гэвч нөгөө талд сөрөг хүчин Хөдөлмөрийн нам Засгийн газрын байгуулсан Брекситийн гэрээний асуудлаар санал хураалт явуулах болно гэж мэдэгдэж байна. Брекситийн асуудал эрхэлсэн сүүдрийн сайд Сьөр Кейр Стармер Ерөнхий сайд нь Европын холбоонд Брекситийг хойшлуулах захидалтай хамт, энэ үйл явцыг хойшлуулахыг эсэргүүцсэн утгатай захидал илгээснээрээ “хүүхэд шиг аашиллаа” хэмээн буруутгажээ.
Аравдугаар сарын 31 гэхэд Европын холбооноос гарах үйл явцыг хойшлуулахыг хүссэн тэр захидлаар Их Британи нэгдүгээр сарын сүүлч хүртэл Брекситийг хойшлуулах хүсэлт тавьж байгаа юм.