“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ
"Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдын эцэг эхчүүд тус сургуулийг хууль ёсны байрнаас нь гаргах болсныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд хотын захирагч С.Амарсайхан болоод Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж тус асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол суулт хийж цаашлаад өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.
"Монгол тэмүүлэл" сургууль нь 2017 онд байгуулагдсан ч өөрийн байргүйн улмаас 133-р сургуультай нэг байранд хичээллэх болсон. Уг сургуулийн байрны 1, 2, 3 давхрын 15 ангид 133-р сургууль, 3, 4 давхрын 10 ангид "Монгол тэмүүлэл" сургуулийн 240 хүүхэд хичээллэдэг байна. Тиймээс 133-р сургуулийн ачааллыг бууруулахын тулд "Монгол тэмүүлэл" сургуулийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-ны дотор Худалдаа үйлдвэрийн их сургуулийн нэгдүгээр байранд төсвийн мөнгөөр засвар хийн нүүлгэхээр болжээ.
Үүнд сургуулийн эцэг эхийн төлөөлөл: "133-р сургуулийн ачааллыг бууруулах боломж байхад яагаад заавал төсвөөс мөнгө зарлагадаж манай сургуулийг өөрийнх нь байрнаас хөөх гээд байгааг ойлгохгүй байна. Тус байр нь манай сургуульд зориулсан лабораторитой, 2017 онд "Монгол тэмүүлэл"-д эзэмшүүлсэн. Уг нь 133-р сургууль анх тус байранд өөрийн байр баригдтал байна гэж орсон. Өдийг хүртэл хамт хичээллэж болсон байтал сонгууль дөхсөн энэ үед ашиг сонирхлын үүднээс манай сургуулийг булааж авах гэж байна гэсэн хардлага төрж байна. Манай хүүхдүүд ч гэсэн коридорт хичээллэж, багш нар нь өрөөгүй байна. 133-р сургууль ихэнх ангийг нь авснаас болж манайх 6-р ангиасаа элсэлт авч чадахгүй байна" гэв.
Харин эцэг эхчүүд "133-р сургуулийн шинэ байр баригдтал нь хамт байх, эсвэл ЕБС-ийн ачааллыг бууруулах зорилготой хамран сургах тойргийг батлах журмын хавсралтад заасны дагуу 133-р сургуулийн зарим хүүхдийг 21, 33-р сургууль руу түр шилжүүлж болно" гэсэн саналыг дэвшүүлж буй юм.