АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо
АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоож байна. Баасан гарагаас хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэрээр Европын улсуудаас авдаг хүнс, архи, дарс, виски зэрэг 7.5 тэрбум долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тавьж байгаа бол, Европын нисэх онгоцонд 10 хувийн татвар оноолоо.
Ингэснээр нисэх онгоц үйлдвэрлэгч компанид бага хүүтэй зээл олгосон гэх асуудлаар 15 жил маргаантай явж ирсэн АНУ, Европын зөрчил улам хурцдах нь тодорхой болж байна.
Европын холбоо бүсийн онгоц үйлдвэрлэгч "Эйрбус" компанид бага хүүтэй зээл өгч байгааг 2004 онд АНУ шүүмжлэн гомдол гаргасан байдаг. Европын холбоо ч мөн АНУ-ын эсрэг тус улс "Бойнг" компанид хууль бусаар татаас өгсөн гэж буруутгаад байгаа юм.
Хоёр талын гаргасан гомдлыг Дэлхийн худалдааны байгууллага хэлэлцээд аль, аль нь хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэсэн байна. Ингэхдээ АНУ-ын талаас 11 тэрбум долларын бараанд татвар тавих хүсэлт гаргасныг 7.5 тэрбум доллар болгон бууруулжээ.
Харин Европын холбоо Вашингтоны эсрэг арга хэмжээ авахад бэлэн ч, Дэлхийн худалдааны байгууллагын зөвшөөрлийг хүлээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариу татвар нэмэхгүй байхыг Европын удирдлагуудад анхааруулаад, Герман зэрэг орнуудаас импортлодог авто машинуудад өндөр татвар тавих талаар бодож үзэж байгаагаа мэдэгдээд байна.