“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, охин, хараат компаниуд болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн 2019 оны үйл ажиллагааны явцын тайлан болон тулгамдаж буй асуудлыг сонслоо. Мөн ирэх оны бизнес төлөвлөгөө, төсөв боловсруулж буйтай холбогдуулан цаашид анхаарах зүйлс, ажлаа эрчимжүүлэх талаар ТУЗ-ийн дарга Б.Ганбат компанийн удирдлагуудад үүрэг өглөө. Үүнээс гадна Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах, энэ хүрээнд эрчим хүчний нүүрсээр тасалдуулахгүй байх, уурхайнуудын хуримтлагдсан өр, авлагыг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
“Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдрийн байдлаар 12 охин болон хараат компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн 2018 онд 260.2 тэрбум төгрөгийн орлого олж, улсад 54.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагааны цар хүрээг тэлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч, хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, Үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.