Европын холбооны хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд 10 болон 25 хувийн татвар ногдуулах шийдвэр энэ баасан гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэдгийг АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер батлан мэдэгджээ. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн даваа гарагт Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх асуудал хариуцсан байгууллага “Airbus” компанид татаас олгож ДХБ-ын дүрэм журмыг зөрчсөн Европын холбооны улс орнуудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд жилд 7.5 тэрбум ам.долларын татвар ногдуулахыг АНУ-д зөвшөөрсөн юм. Нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанийн татаасын асуудлаас үүдэлтэй Вашингтон, ЕХ-ны маргаан 2004 онд эхэлжээ. Европын Холбоо ба түүнд багтдаг 4 улс нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанид хууль бусаар татаас олгосон хэмээн АНУ мэдэгдсэн юм.
Европын Холбооны /ЕХ/ орнуудын татвар ногдуулах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн жагсаалтыг Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер энэ сарын 8-нд нийтэлсэн юм. Жагсаалтад Их Британи, Герман, Испани болон Францын нисэгчгүй нисдэг аппаратууд багтсан бөгөөд татварыг нь 10 хувиар нэмэх аж. Үүний зэрэгцээ, ЕХ-ны ихэнх улс орны хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг 25 хувь болгосон байна.