Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот үнэгүй интернетийнхээ цар хүрээг эрс нэмэгдүүлж, иргэд хотын аль ч газарт явсан үнэгүй интернет ашиглах боломжийг бүрдүүлэхээр болсон байна. Сөүл хотын захиргаанаас утасныхаа датагаар интернет ороход зориулж иргэд их хэмжээний мөнгийг зарцуулж байгааг онцолж, энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор үнэгүй интернетийн цэгүүдийг нэмэгдүүлэхээр болжээ.
Өмнөд Солонгосын 10 хүн тутмын 9 ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Мөн ухаалаг утастай иргэн бүр интернет ашиглахад багагүй мөнгийг зарцуулж байгаа юм. Хамгийн сүүлийн судалгаагаар Өмнөд Солонгост нэг гигабит дата 15 америк доллар байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байгааг харуулжээ. Энэ нь Өмнөд Солонгосын иргэдийн дижитал хэрэглээг ихээхэн ялгавартай байдалд оруулж байгаагаас гадна үнэгүй интернеттэй газрыг байнга хайж явдаг wifi дүрвэгчид гэсэн ойлголт шинээр гарч ирсэн байна. Иргэд дата ашиглан интернет орох нь хэт өндөр үнэ төлөхөд хүргэдэг талаар гомдол түгээмэл юм. Үүнээс ч үүдэн Сөүл хот дахь үнэгүй интернет бүхий газруудыг эрс нэмэгдүүлэхээр болоод байна.
Одоогийн байдлаар тус хотын метро, автобусны буудал болон томоохон гудамжнуудад үнэгүй интернет байдаг бол цаашид улам бүр тэлж, хотын 4 мянган километр талбайд интернет тархах юм. Өнөөдрийн байдлаар үнэгүй интернетийн сүлжээ хотын 30 хувьд хүрдэг бол 2020 он Сөүлийн бүх хэсэгт нийтийн интернет нэвтрэн гэж албаныхан онцолжээ. Сөүл хотод жил бүр 12 сая гаруй гадаадын жуулчин зочилдог гэсэн судалгаа байдаг.
Жуулчид ч гэсэн үнэгүй интернетийн ашиг шимийг мөн хүртэх болно гэсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Сөүл хотын иргэн бүр 40 ам.долларыг хэмнэх нөхцөл бүрдэх юм.