Японы нэгэн бизнесмен эр Парис хотод байх үедээ 800 000 ам.долларын өртөг бүхий бугуйн цагаа алдсан байна. Ер нь энэ жил Парис хотод өндөр үнэтэй бугуйн цагны хулгай, дээрэм их гарч байгаа юм.
Парис хотод байрлах Наполеон нэртэй таван одтой зочид буудлын гадаа энэ хэрэг болжээ. Японы бизнесмен эр Наполеон буудлын гадаа тамхи татахаар зогсож байх үед нэгэн үл таних хүн түүнээс тамхи асуусан байна. Япон эр үл таних этгээдэд тамхи өгөхөөр гараа өргөх үед нөгөө залуу түүний бугуйн дахь цагийг мулт татан авч, зугтаасан байна. Японы бизнесмений алдсан бугуйн цаг алмазан шигтгээтэй 830 000 америк долларын үнэтэй юм байна.
Ийнхүү цагны үнэлгээ өндөр байгаа учраас энэ хэргийг жижиг хулгай биш харин зохион байгуулалттай хэргийн ангилалд оруулсан байна. Ер нь Парис хотод брэндийн өндөр үнэтэй бугуйн цагны хулгай дээрэм ихсэх болжээ. Энэ жилийн эхний найман сарын дотор үнэтэй бугуйн цагаа хулгайд алдсан 70 гаруй хэрэг бүртгэгджээ. Нэг өдрийн дотор дөрвөн ч хүн өндөр үнэтэй цагаа алдсан хэрэг гарч байж. Эдгээр дөрвөн цагны нийт үнэ нь 190 000 еврод хүрч байжээ.
Цагны хулгайчид хүч хэрэглэхээс эхлээд тамхи гуйх, зураг дарж өгөхийг хүсэх гээд янз бүрийн арга техникийг ашиглаж байгааг Парис хотын цагдаагийн газраас мэдээлжээ.