Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моде далайн эргийн хог хаягдлыг цэвэрлэж байгаа бичлэгээ өөрийн "твиттер" хуудаснаа байршуулсан байна. Моде энэ бичлэгээрээ дамжуулан цэвэрхэн байхыг иргэддээ уриалсан байна.
Нарендра Модегийн далайн эргээр алхангаа хог түүж байгаа бичлэг бямба гарагт "твиттер"-т тавигдсан байна. Энэ бичлэгт Ерөнхий сайд Нарендра Моде Махабалипурам далайн эрэгт хаягдсан ундааны сав, гялгар уутны хогийг түүж, цуглуулсан хогоо зочид буудлын ажилтад хүлээлгэн өгч байгааг харуулжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моде болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын хоёр дахь удаагийн албан бус уулзалт Энэтхэгийн Ченнай хотод зохион байгуулагдсан юм.
Энэ уулзалтад очихоор Ченнай хотод очсон Нарендра Моде ийнхүү салхинд алхангаа 30 минутын турш хог түүсэн байна. Ер нь алхангаа, эсвэл гүйнгээ хог түүхийг олон улсын хэмжээнд “Plogging” гэж нэрлэдэг юм байна.
Алхах эсвэл гүйх зуураа хог цэвэрлэх энэ нэгэн төрлийн эко спорт анх Шведээс үүсч байжээ. Плоггин хийж байгаа хүн нь энгийнээр гүйж байгаа хүнтэй харьцуулахад 15-30 хувиар илүү калори шатааж чаддаг гэсэн судалгаа байдаг байна. Тэгвэл Энэтхэгийн Ерөнхий сайд далайн эрэгт плоггин хийж, орчин тойрноо цэвэр байлгах асуудалд иргэдийн анхаарлыг татахыг зорьжээ.