Уганда улс Ижил хүйстэнд цаазын ял оноох тухай хуулийн төслөө дахин хэлэлцэнэ
Уганда улс Ижил хүйстэнд цаазын ял оноох тухай хуулийн төслөө дахин хэлэлцэхээр төлөвлөснөө зарлалаа. “Гей хүмүүсийг хөнөө” нэрээрээ алдаршсан энэ хуулийн төслийг таван жилийн өмнө техникийн шалтгаанаар цуцалж байсан юм. Харин одоо Уганда улсын Засгийн газар ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд сэргээн хэлэлцэх гэж байна.
Угандагийн Ёс зүй, шударга байдлын сайд Саймон Локодо “Ижил хүйсээ сонирхох нь угандачуудын хувьд төрөлхийн үзэгдэл биш” гээд хүмүүс цаанаасаа тэгж төрдөг гэсэн үзлийг эрс шүүмжилжээ.
Тэрбээр “Манай одоогийн эрүүгийн хууль хязгаарлагдмал. Зөвхөн үйлдсэн хэргийг л гэмт хэрэгт тооцдог. Харин бид ижил хүйсийг сурталчилсан хүнийг ч эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж үзэж байна. Мөн хүнд гэмт хэрэг үйлдсэн бол цаазын ял сонсоно” гэж мэдэгдсэн байна.
Хуулийн төслийг Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени дэмжсэн. Мөн парламентаар ойрын хугацаанд хэлэлцэж, оны эцсээс өмнө батлахаар болжээ. Хуулийн төслийг дэмжихийн тулд парламентын гишүүдийн дор хаяж гуравны хоёрынх нь саналыг авах ёстой. Одоогоор энэ төслийг олон гишүүн дэмжсэнээ илэрхийлсэн гэж Саймон Локодо мэдэгдсэн байна.