Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна
Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотноо хуралдсан APG-ын шийдвэрээр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна. Гэхдээ тус жагсаалтад орсон талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.
Ази, Номхон далайн бүсийн бүлэг (APG) нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улсын 2017 оны тайланг хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэсэн байдаг. Иймд манай улсад хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ. Хэрэв манай улс энэ үүргийг биелүүлэхгүй бол “саарал” жагсаалтад орох бөгөөд ингэснээр санхүүгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдээд байсан юм.
Учир нь Монголын нэр бүхий улс төрч БНАСУ-тай зэвсгийн наймаанд оролцсон асуудал Байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан нь олон улсын анхаарлыг татсан. Мөн Монгол Улс зэвсгийн наймааны асуудлаар холбогдох хуулиа баталсан хэдий ч энэ чиглэлд иргэддээ хуулийн хариуцлага тооцоогүй зэрэг явдлууд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
Саарал жагсаалт гэдэг нь мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн юм.
FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.
СААРАЛ ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС ОРСНООР ЮУ БОЛОХ ВЭ:
- Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах
- Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах
- Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах
- Тухайн жагсаалтанд орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох
- Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, буцаах
- Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох